Ж.Батсуурь: Улстөрийн тогтолцоогоо эргэж харах цаг болсон
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.06.03

Ж.Батсуурь: Улстөрийн тогтолцоогоо эргэж харах цаг болсон

Ойрын хэд хоногт Монголын улстөр бужигнаан ихтэй байна. Эрх баригчдын дэндүү дураараа авирлацгаасны гор эдийн засгийн хямрал руу зугуухан чирж, энэхүү уршигтай үйл явцыг отож суусан сөрөг хүчин амь орж, ширүүхэн үйлдэл дараалан хийж эхлээд байгаа.

Энэ бүх тэрсэлдээнийг ерөнхийд нь улстөрийн хямрал эдийн засаг руу шилжих үйл явц явагдаж байна гэж дүгнэж болохуйц хэмжээнд өрнөж байгаа юм. Эрх баригчдын эдийн засгийг тогтворжуулах 100 хоногийн хөтөлбарийн хүрээнд сөрөг хүчин хүлээх биш, довтлох байр сууринаас ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Яг энэ талаар УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүн, доктор Ж.Батсуурьтай уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед УИХ, Зас­гийн газрын үл ойлгол­цол чуулганы нэгдсэн хурал­даа­ны үеэр олонтоо ажиг­лагдах боллоо.
Засгийн газ­рын зүгээс өргөн барь­сан хуулийн төслөө хэлэл­цүү­лэг эхлэхээс өмнө юм уу хэлэлцүүлэг өрнөж бай­­­хад эргүүлэн татах нь ол­­ширлоо. Турш­лагатай ги­шүү­ний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-УИХ-ын тогтоолоор ба­­талсан эдийн засгийг эр­­чимжүүлэх Засгийн газ­рын 100 хоногийн хөтөл­бөр хэ­рэгжээд явж байгааг олон нийт сайн мэдэж байгаа.

Яг одоогоор бүтээн бай­гуу­лалтын шинж чанартай бо­­лон төмөр замын мөн Төс­вийн хүрээний мэдэгдэл гээд Засгийн газраас өр­гөн барь­сан хуулиудаа хэлэл­цүүл­­гийн явцад зайлшгүй за­­рим алдаа, дутуу төлөв­лө­сөн зүйлээ нэмж оруулах шаардлагын үүднээс ч гэдэг юм уу, гишүүдийн шүүмж­лэлийн улмаас эргүүлэн та­тах үйл явц гарч байна.

Энэ нь нэг талаар анхнаасаа олон талаас нь нягтлан шалгаагүй, яаруу сандруу оруулж ирсэн тал байгаа нь ойлгомжтой. Нөгөө та­лаар хуулийн төслөө эргүүлэн татах нь огт байж болохгүй зүйл биш шүү дээ. Ер нь хэлэл­цүүл­гийн явцад УИХ, мэргэжлийн Байнгын хороод олон талаас нь нягталж үздэг, мөн ажлын хэсэг байгуулдаг гээд олон процедур бий л дээ. Сая л гэхэд Гэмт хэргийн тухай шинэ хууль салбарын ши­нэчлэлийн хүрээнд орж ирлээ. Мэт­гэлцээний үр дүнд цаашдаа энэ хуулийг хэлэлцье, гэхдээ УИХ, намуудын бүлгийн түвшинд олон ажлын хэсэг байгуулан нухацтай нягталж, сайтар ярилцах зүйл их байна гэж үзлээ. Ихээхэн цаг хугацаа зарцуулж, тун ну­хацтай ажиллах шаардлагатай хууль уч­раас энэ чуулганы ху­гацаанд л лав баталж чадахгүй.

Ер нь ихээхэн өргөн хүрээтэй хэрэглэгдэх, түүнчлэн эдийн зас­гийн хямралтай, олон улсын нөх­цөл байдал ээдрээтэй байгаа өнөөгийн нөхцөлд аливаа хуу­лиудыг маш олон талаас нягталж, ёстой л шүүсийг нь шахах зайлш­гүй нөхцөл байдал тулгараад байгаа юм.

-УИХ дахь МАН-ын Бүлэг Н.Алтанхуягийн толгойлсон Зас­гийн газарт өчүүхэн ч итгэлгүй болсон нь аливаа асуудалд хан­даж байгаа хандлагаас нь то­­­дорхой харагдаж байгаа. УИХ-ын хувь гишүүний хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдыг огц­руулахаар оруулаад байгаа саналд ямархуу байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол аливаа улс орны нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьжиргааны тувшин муудан бараа бүтээгдэхүүн, валютын үнэ ханш өсч байгаа зэрэг ноцтой тохиолдолд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай юм. Энэ бүхэн ерөөсөө л Засгийн газрын буруутай үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээрээс оруулж ирсэн бондын мөнгийг дэндүү үрэлгэн, дураараа зарцууллаа.

Хамгийн гол нь богино хугацаанд өртгөө найдвартай нөхөх их бүтээн байгуулалт руу оруулж түүнээс орж ирсэн орлого нь айл өрх бүрт шууд мэдрэгдэж байх салбар руу оруулж чадсангүй. Болоод өнгөрсөн алдаатай үйлдлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох л ёстой. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд манай намын бүлэг санал нэгтэй шийдсэн асуудал юм. Нэрнээс нь аваад үзсэн ч Эдийн засгийн хөгжлийн сайд өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн гол бурууг үүрэх л учиртай. Яваандаа шаардлага гарвал Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнтэй хариуцлага тооцох асуудал ч үүсч болзошгүй.

-Өнөөдрийн эдийн засгийн хүнд­рэлийг дан ганц энэ Засгийн газарт тохох нь шударга ёсонд аль хэр нийцэх вэ. Магадгүй Мон­гол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 20 га­руй жилийн дийлэнх хугацаанд Зас­гийн эрх барьж байснаараа МАН ч өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг үүрэлцэх ёстой биш үү?

-Яах аргагүй өнгөрсөн он жи­лүүдэд мөнхийн хоёр хөрштэйгөө бүрэн дүүрэн ойлголцож, хамтран ажиллаж чадаагүй, мөн түүнчлэн алтны 68 хувийн татвар тогтоосон, нөгөөтэйгүүр гадны хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах тухай хуулийг 2012 оны сонгуулийн өмнө баталж, гадаад зах зээл дээрх Монгол Улсын үнэлэмжийг бууруулсан зэрэг ноцтой алдааг хуваалцах, үүрэлцэх л учиртай. Түүнээс гад­на Ашигт малтмалын тухай хуу­­лийг шинэчилнэ гэж баахан пи­жигнэлдэж давхиад цаг хугацаа ихээхэн алдаж, үйлчлэлийг нь 2009 оноос зогсоочихсон юм. Энэ нь эцсийн эцэст гадаадын хөрөнгө оруулалтыг ноцтойгоор үргээсэн явдал болсон.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын удирдлагуудын буруутай үйлдлүүдийн ул­маас маш олон лицензийн үйл ажиллагааг зогсоосон. Нөгөө­тэй­гүүр урт нэртэй хуулийн үйлч­лэлээс шалтгаалан гадаадын хө­рөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй шахам болсон гээд алдаатай, засч залруулах ёстой олон үйл явдал өрнөсөн. Хөрөнгө оруу­лалт, эдийн засгийн ид сай­хан өсөлтийн үед олигтой ху­римт­лал бий болгож чадаагүй, улс­төр­жилтийг хот, хөдөөгүй хавт­гай­руулсан, засаглалын залгамж ча­нарыг орхигдуулсан гээд буруу­тай үйлдэл, алдаа завхрал олон гаргасныг хүлээх л ёстой.

Хам­гийн гол нь улс эх орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм л даа

. Одоо бол эсрэгээрээ улс эх орон, ард түмний эрх ашгийг тээр дор орчихоод намуудын эрх ашгийг нэгдүгээрт тавин пижигнэлдээд байна шүү дээ.
Хамгийн гол нь намаар дамжиж хувийнхаа эрх ашгийг бүхний дээр тавьсан по­пулистууд мэдээлэл муутай ард түмний хөрөнгө, үндэсний баял­гийг шулуухан арилжин зарж байна. Үүний үр дагавар, улс­төр­жилт гэдэг үнэхээр ур­шигтай газар авлаа. Манайх шиг цөөн хүн амтай оронд бүх шатны сонгуульд зайлшгүй улстөрийн намуудаас нэр дэвшүүлдэг байдлыг ч эргэж хармаар санагддаг юм. Одоо бол суманд хүртэл улстөрийн тэм­­цэл оволзож байна шүү дээ. Ерөн­хийдөө Монголын улстөрийн тог­толцоо ихээхэн гажигтай, буруу замаар яваад байгааг зайлшгүй ярилцах, зөвшилцөх цаг болсон.

-Өөрийг тань ажиглахад аядуу зөөлөн хүн харагддаг. Ер нь ингэхэд Н.Батбаяр сайд та хоёр ажлын бус цагаар ямар харилцаатай явдаг вэ?

-Бид хоёрын хувьд үүний өмнөх парламентад дөрвөн жил Эдийн засгийн байнгын хороонд хамт ажиллаж, Орон сууцны болон Өрсөлдөөний тухай гэх мэтчилэн олон хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байлаа. Н.Батбаяр сайд бол УИХ-ын гишүүн, төрийн тү­шээгийн хувьд яах аргагүй Монгол төрийн төлөө, хууль эрх зүйн орчныг боловсронгуй бол­гохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эр хүн гэж би ойл­годог. Ялангуяа намайг Орон сууцны хуулийн ажлын хэсгийг ахалж байхад мань эр цэвэр усыг хэмнэх талаар, саарал ус эргүүлэн ашиглах гэх мэтчилэн их олон ажил хэрэгч санаануудыг гарган ажил хэрэг болгохоор зүтгэж байсныг тэмдэглэн хэлэх ёстой.

-Таны хувьд Дорноговь айм­гийн Засаг даргаар найман жил ажиллаж байсан жинхэнэ говийн хүн. Танай аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо. Гэхдээ энэ Засгийн газрыг урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг замын ажилд ихээхэн хөрөнгө мөнгө зарсныг буруушаах хүмүүс олон байна. Өөрөө энэ асуудалд ямар бодолтой явна?

-Замын бүтээн байгуулалтын хувьд байгалийн баялаг ашиглах, эдийн засгийн илүү үр өгөөжтэй байрлалуудад зайлшгүй хийгдэх л ёстой томоохон бүтээн байгуулалт яах аргагүй мөн. Гэхдээ давын өмнө аль чиглэлд зам тавьж тэр нь эргээд эдийн засгийн асар түргэн эргэлтэд орж шууд үр дүнгээ үзүүлэх талыг хамгийн гол нь анхаарах ёстой байсан. Харин богино хугацааны өндөр хүүтэй бондын мөнгөөр маш богино хугацаанд үр ашгаа өгч, зардлаа нөхөх салбар руу чиг­лүүлэхийн оронд олон жилийн дараа эдийн засгийн үр ашгаа өгөх онц шаардлагагүй чиглэлийн олон зам руу оруулчихаар цаг хугацаа, эдийн засгийн үр ашгийн хувьд эргээд өөрөө томоохон алдагдал үүсгэх процесс болоод хувирчихаж байгаа юм.

-Тэр богино хугацаанд үр аш­гаа өгөх салбар, аж ахуйнууд нь жишээ нь хамгийн энгийнээр тайл­барлахад юу юу байж болох вэ?

-Жишээ нь Амгаланд дулааны цахилгаан станцын ажил арай­хийж нэг юм эхлээд явж байгаа шүү дээ. Түүнээс гадна бу­сад станцын хүчин чадлыг нэмэг­дүүлэх чиглэлийн олон ажил хийгдээд явж байна. Хойшид дулаан, цахилгааны хэрэглээ зүй ёсоор ихээхэн хэмжээгээр өснө. Энэ цаг үед жишээ нь Багануураас Улаанбаатар руу төмөр замаар ихээхэн өртөг зардлаар байнга тээ­вэрлэдэг нүүрсийг хоолойгоор тээвэрлэх томоохон бүтээн бай­гуулалтыг зориглон барьж аваад хэрэг­жүүлчихсэн бол энэ нь эдийн засаг, санхүүгийн хувьд жин­хэнэ өндөр үр ашигтай ажил болох байлаа. Монголын төмөр зам өвлийн улиралд бол байнга Багануураас нүүрс зөөсөөр байгаад л алдагдалд ороод байгаа шүү дээ. Хэрвээ ийм төсөл хэрэгжүүлвэл агаарын бохирдол, төмөр замын тээвэрлэлтийн үнэ ханш, тэгээд цаана нь Монголын төмөр замд ч гэсэн жинхэнэ хувьсгал хийсэн ажил болно гэж бодож явдаг. Энэ талд эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, эдийн засгийн үр ашгийг нь маш сайн нягтлан тооцоод ажил хэрэг болговол түргэн хугацаанд үр ашгаа өгөх нь дамжиггүй.

-Та түрүүн Монголын улс­төрийн систем ерөнхийдөө бу­руу замаар яваад байна гэсэн. Ажиг­лаад байхад улстөрийн сон­­­гуулиар олонх болж, Засгийн эрх авсан тал нь сөрөг хүчнээсээ өшөө авах байдлаар хандаж, улс эх орон, үндэстнийхээ амин чу­хал эрх ашгийг хойш тавих нь давамгайлаад байх шиг санагдах юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Улс төрийн реваншизм буюу өшөө авах, данс бодох гэдэг зүйл балчир буюу шинэхэн ардчиллын хамгийн ноцтой өвчин юм. Энэ өвчин 1996 Монголд оноос дэл­гэрсэн гэж үзэж болно. Одоо бол бүр гаарч байна. Үүний гол аюул нь улс төрийн хэлмэгдүүлэлт үүсгэдэг хөрс суурь юм. Улс төрийг бохир дээр нь улам бохир болгож байна. Төрийг сульдааж, төр, түмний ажил хэргийг дампууруулсаар байна. Эцэстээ улс орон, ард түм­нээ ядууруулж хөгжлийг саа­туулаад эхэллээ. Тооцоо бодох, өшөө авах үзэгдэл бол бүхэлдээ улс төрийн тогтолцоог жам ёсных нь дэг жаяг, хууль дүрмээс бүрэн холдуулж зөвхөн эрх мэдэлдээ эрдсэн улс төрийн хүчин, хувь улс төрчдийн дур зоргын тоглолтоор хэрэгждэг үйл явц шүү дээ.

Улстөрийн өшөө авалтын хам­гийн түгээмэл хэлбэр бол бүт­цийн өөрчлөлт гээч байгаа юм. Энэ нь өнгөн дээрээ бүх зүйлийг өөр­чилж сайн сайхан болгоно гэх боловч өмнөх улс төрийн хүчний нэгэнт бий болгосон тогтолцоог зөв ч бай, буруу ч бай эвдэж бус­ниулах хамгийн шалгарсан арга юм.

Өнөөдөр Засгийн газрын бүх байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын ихэнх нь бүтцийн өөрчлөлт гээчид нэрвэгдсэн. Үр дүнд нь зүгээр ажлаа хийгээд явж байсан их олон хүн ажилгүй болж оронд нь эрх баригчдын гар хөлийн үзүүр болсон мэдлэг мэргэжил муутай, хувийн өчүүхэн атгаг бодолтой олон этгээд төр болон бусад хэвшилд шургалсан. Тэдгээр нөхдийн тарьсан, тарьсаар яваа балгийг тоочвол сонины хэдэн нүүрэнд багтахгүй. Хамгийн гол нь хэвийн явж байсан ажил тасалдаж, зарим газарт нь бүр зогсоод эхэллээ. Үүний сонгодог жишээ бол царцсан гэгдэх тө­сөвтэй барилга, объектууд шүү.

Бүтцийн өөрчлөлтөөр шинэ гэг­дэх бүтэц, орон тоо гарч ирнэ. Тэр нь зүгширч хөлөө олох гэсээр байтал цаг алдаж ажил хохирсоор байгааг та бид харж л байна. Энэ мэтчилэн яриад байвал дуусахгүй. Уучлаарай дотор санал хураалт явагдах гээд байна, дараа тухтай ярилцъя.