Монголын улс төрөөс өмхий үнэртэж байна
Өнөөдөр 76 гэдэг тоо хүмүүсийн санаанд сөрөг утгаар буудаг болжээ
2014.05.30

Монголын улс төрөөс өмхий үнэртэж байна

Монголын ардчилал гэдэг бол зөвхөн тайзан дээр жүжиг тавихад хэрэглэдэг цаасан чимэглэл төдий.

Монголын ардчиллын дуу хоолой гэдэг нь бол ард түмнийг доромжилсон, хуурсан хоосон амлалтуудын урт жагсаалт.

Монголын улс төр гэдэг бол “Монголын баялаг” хэмээх том бялууг хуваах найрын ширээ.

Монголын улс төрчид гэдэг бол ард түмнийг хуулийн болоод хууль бус аргаар дээрэмдэж сурсан хулгайчид.

Монголын сонгууль гэдэг орчин үеийн мянгуужингийн үлгэр.

Монголын нийгмийн амьдрал бол цэвэр намын амьдрал.

Улаа шагайсан хэдэн хүүхэд, Улс төр болон тоглож байна. Р.Чойном

Энгийн хар ухаанаар бодоод үзье. Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг яах гэж хийсэн бэ? Ердөө л улс төрчид өөрсдийн дээрмийн ажиллагааг хуульчлах гэснээс өөр юу ч биш. Энэ бол хүмүүсээр зүгээр л доог тохуу хийсэн хэрэг. Эх орондоо хэтэрхий хайртай болоод цаг зав, мэдлэг чадвар нь хэтийдсэндээ давхар дээл өмссөөгүй нь мэдээж. УИХ, Засгийн газрын суудлыг зэрэг сандайлсан нь тэдний хичнээн их шуналтайг нь илтгэж байдаг. Хулгай хийж байхад нь хуцах нохой байлгахыг хүсээгүй учраас тэд ийм алхам хийсэн. Ард түмнээ олноор нь алж хядаж байсан Африкийн зарим дарангуйлагчид л хоёр гурван төрийн дээд албыг хавсран хашдаг байв.

Гэхдээ саван доторхи усыг битүү буцалгавал хэзээ нэгэн цагт заавал дэлбэрдгийг мартах ёсгүй. Ард түмэн мөнхөд хууртагдана гэж байхгүй. Хүмүүсийн эгдүүцэл, дургүйцэл, урам хугаралт туйлдаа хүрэх цаг ирнэ.

Түүнээс гадна үмхийрч, муудсан бүхэн байгальдаа эргэж шингэдэг жамтай хойно Монголын улс төрийн үмхий үнэр арилж, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах боломж гарах байлгүй.