Дэлхийн түүхэн дэх улс төрийн аллагууд
1914 оны зургадугаар сарын 28 нд Австри, Унгарын эзэн хааны угсаа залгамжлагч Эрцгерцог Карл Людвигийн ууган хүү Франц Фердинанд (Австр Унгарын эзэн хааны бага дүү Франц Иосифийн дүү) алагджээ. Түүнийг “Залуу Босни” («Млада Босна») гэдэг бүлэглэлийн гишүүн хороосон юм. Фердинандыг алагдсаны дараа энэ бүлэглэлийн үйл ажиллагааг хориглосон байна. Сараева хотод болсон энэ аллагаас болж тухайн үед тусгаар тогтноод байсан дэлхийн 59 улсаас 38 орон оролцсон Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн гэж түүхчид үздэг.
Линкольныг алах орой гурван хүнийг алахаар төлөвлөсөн байв. Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюардыг алах гэсэн боловч эсэргүүцэл үзүүлэв. Дэд ерөнхийлөгч Эндрю Джонсоны алах байсан хүн нь согтоод унтчихжээ.
Алуурчдын гарт амь үрэгдсэн хамгийн анхны ерөнхийлөгч бол АНУ ын 16 дахь төрийн тэргүүн Авраам Линкольн байв. 1865 оны 4 сарын 14 нд Авраам Линкольн Вашингтон хотын нэгэн театрт үзвэр үзэх үеэр халдлага гарчээ. Ерөнхийлөгчийн сууж байсан лоожид дөхөж ирсэн жүжигчин Линкольны толгой тус газар руу бууджээ. Линкольн хүнд шархдаж маргааш нь эмнэлэгт амьсгал хураав. Эхэндээ Бут хэмээх энэ алуурчин хэргийн газраас зугатааж чадсан ч долоо хоногийн дараа түүнийг хотын захад байдаг хуучны агуулахад орогнож байгааг нь мэдсэн юм. Зарим нэг нь тэр цэргүүдтэй буудалцаж байхдаа нас барсан гэдэг бол нөгөө хэсэг нь түүнийг амиа хорлосон гэдэг. Харин гурав дахь хувилбар нь алуурчин Бут ерөнхийлөгч Линкольны эсрэг улс төрийн бүлэглэлийн зохиосон хуйвалдаанд оролцогч байсан тул нөлөө бүхий хүмүүс түүнийг мөрдөн байцаалт өгөхөөс зайлсхийхэд нь туслаж овог нэрийг нь сольж өгсөн гэж үздэг. Ерөнхийлөгчийг хороосноос хойш 38 жилийн дараа буюу 1903 онд тэр өөрийгөө егүүтгэжээ.
Александр хааныг долоон удаагийн оролдлогоор алжээ
1881 оны 3 сарын 1 нд (хуучин тооллоор гуравдугаар сарын 13 нд) Оросын эзэн хаан II Александр хааныг алан хядагч Игнатий Гриневицкий бөмбөг дэлбэлж шархдуулжээ. Энэ бол Оросын эзэн хааны аминд халдах гэсэн долоо дахь оролдлого байжээ. "Народная воля" буюу “Ардын эрх” гэдэг намынхан олон жилийн турш эзэн хааныг хороохын тулд мөрдөн мөшгиж, явах замыг нь отож дэлбэрэх төхөөрөмж тавьж, төмөр замын рейльс дээр бөмбөг тавьж байжээ. 1880 онд “Ардын эрх” намын алан хядагч Степан Халтурин Өвлийн ордонд бөмбөг дэлбэлэхэд эзэн хаань азаар амьд үлдэж байв. 1881 оны гуравдугаар сарын 1 нд ерөнхий сайд Лорис-Меликов эзэн хааны аминд халдаж магадгүй байгаа тухай сэрэмжлүүлж байсан ч тэр үгэнд нь оролгүй ням гариг бүр Манеж талбайд болдог парадад очжээ. Түүнийг буцах замд нь Нева голын эргээр хааны цуваа явж байхад “Ардын эрх” намын гишүүн Рысаков хааны сүйх тэрэгний дугуй руу бөмбөг шиджээ. Цуваанд явж байсан хэд хэдэн хүн шархдаж, харин эзэн хаан II Александр эсэн мэнд үлдсэн юм. Хөтөч нар хааныг сүйх тэрэгнээсээ гарахгүй байхыг сануулаад, эвдэрхий бүхээгтэй нь ордонд хүргэж өгнө гэж хэлжээ. Гэвч Александр сүйх тэрэгнээсээ гараад ганц алхтал Гриневицкий гэдэг өөр нэг алан хядагч дэлбэрэлт үйлджээ. Энэ дэлбэрэлтийн үеэр эзэн хаан, алуурчны аль алин нь шархадсан юм. Үүнээс нэг цагийн дараа өдрийн 3 цаг 35 минутад II Александр Өвлийн ордондоо нас баржээ.
Столыпин
1911 оны есдүгээр сарын 1 нд Оросын эзэнт гүрний Сайд нарын зөвлөлийн дарга, дотоод хэргийн сайд Петр Аркадьевич Столыпины аминд халджээ. Алан хядах ажиллагаа Киев хотын театрт “Салтан хаан” жүжгийн үеэр болжээ. Энэ өдөр II Александр хааны дурсгалд зориулсан хөшөөний нээлт болжээ. Жүжгийг эзэн хаан II Николай ч үзэж байв. Жүжгийн үеэр хоёр удаа буун дуу гарав. Буудсан хүн нь Дотоод хэргийн яамны хамгаалалтын албаны ажилтан Д.Г.Богров байв. Хүндээр шархадсан Столыпин 1911 оны есдүгээр сарын 5 нд хорвоог орхижээ.
Кеннидигийн алуурчин Освальд
1963 оны 11 дүгээр сарын 22 нд Даллас хотод АНУ ын 35 дахь ерөнхийлөгя Жон Фицжералд Кеннеди буудуулсан юм. Хууль сахиулах байгуулагын хувилбараар Десантын цэрэг Ли Харви Освальд ерөнхийлөгчийн аминд ганцаараа халдсан байна. Тэр ерөнхийлөгчийг буудахаасаа өмнө нэлээн хэдэн жил Белоруссийн нийслэл Минск хотод амьдарч байжээ. Ерөнхийлөгчийг буудсаныхаа дараа тэр өөрөө халдлагын золиос болжээ. Даллас хотын цагдаагийн хэлтсийн гадаа 1963 оны 11 дүгээр сарын 24 нд Освальдийг холбооны шорон руу илгээх гэж байтал Жек Руби гэгч буудсан байна. Кеннедитэй холбоотой аллага 20 р зууны тайлагдашгүй нууц таавар болж үлдсэн. Жон Кеннедигийн аллагад АНУ ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, ЗХУ ын улсыг аюулаас хамгаалах газар, Кубын удирдагч Фидель Кастро, ЗХУ ын удирдагч Хрущев, Америкийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, Кеннедигийн дараа ерөнхийлөгч болсон Б.Жонсон нарыг сэжиглэсэн хувилбарууд байдаг.
Улс төрийн өөр нэг томоохон аллага 1981 оны 10 дугаар сарын 6 нд Египет улсад гарсан юм. Энэ өдөр Египетийн ерөнхийлөгч Анвар Садат цэргийн парадын үеэр алагджээ. Анвар Садат цэргийн парадыг удирдаж байгаа цэргийн албан тушаалтнаас рапорт авсаны дараа албаны хүмүүсийн хамт хүндэт зочдын индэр рүү алхжээ. Бүх хүмүүс агаарын нсэх хүчний парад эхлэх задгай талбай руу анхаарлаа хандуулаад байв. Энэ үед талбайгаар явж байсан артеллерийн зэвсэгт цувааны нэг хуягт машин гэнэт тормозлов. Десантын хувцастай нэг дэслэгч үсэрч гарч ирээд индэр рүү гар хийцийн гранат шидсэн ч байндаа хүрэлгүй агаарт дэлбэрч газар унажээ.
Анвар Садат Хосни Мубаракийн хамт
Үүнээс хэдхэн секундын дараа десантын таван цэрэг хуягт машины тавцангаас гарч ирээд засгийн газрын индэр рүү автомат буугаар гал нээсэн байна. Тухай үед Египетийн цэргүүд Зөвлөлтийн Калашников буугаар зэвсэглэсэн байлаа. Садат Анвар хэд хэдэн шарх авав. Түүнээс гадна Египетийн долоо улс төрч, өөр 30 гаруй хүн шархадсан байна. Ерөнхийлөгчийн хамгаалагч нар хоромхон зуур хариу гал нээжээ. Үхлийн шарх олсон Анвар Садат нисдэг тэргээр цэргийн эмнэлэгт хүргэгдээд хэдхэн минутын дараа мэс заслын ширээн дээр амьсгал хураажээ. Каирт болсон энэ алан хядлагын дараа Ливийн нийслэлд төвтэй нэгэн бүлэглэл зохион байгуулсан гэж мэдэгджээ. Египетийн төрийн тэргүүнээр дэд ерөнхийлөгч байсан Хосни Мубарак сонгогдов.
Индра Ганди
1984 оны 10 сарын 31 нд Энэтхэгийн ерөнхий сайд Индира Ганди алагдав. Тэр 1966 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Энэ өдрийн өглөө ерөнхий сайд Индира Ганди английн зохиолч, жүжигчин, Питер Устиновтой уулзахаар төлөвлөсөн байлаа. Телевизийн дэлгэцээр сайхан харагдахын тулд тэр ямар хувцас өмсөхөө удаан шийдэж чадаагүй байна. Нилээн эргэлзсэний эцэст хувцсаа сонгохдоо хэтэрхий тарган харагдахгүйн тулд сум үл нэвтрэх хантаазаа тайлжээ. Өргөөний хамгаалагч Беант Сингх, Сатвант Сингх нар ерөнхий сайдын өргөөнөөс албан тасалгаа руу хүрэх зам дагуу харуулын шовгор дээр зогсож байжээ. Индира Ганди бие хамгаалагч нарынхаа хамт энэ замаар алхаж явах үед Беант Сингх ерөнхий сайдыг гурван удаа бууджээ. Түүний дараа Сатвант Сингх үхлүүт хэвтэж байгаа Индира Ганди руу автоматаар шүршжээ. Алуурчдыг ерөнхий сайдын бие хамгаалагчид нь устгав. 1984 онд Индира Гандиг нас барсны дараа түүний албан тушаалыг хүү Ражив Ганди нь залгамжлан авсан байна.
Раджив Ганди
Тэр 1989 оныг хүртэл засгийн газрыг тэргүүлжээ. 1991 оны тавдугаар сарын 21 нд Ражив Ганди Мадрас хотын нисэх онгоцны буудлаас Шриперумбудур гэдэг жигхэн хотыг зорин явжээ. Энэ хотод Үндэсний Конгресс намын тэргүүн сонгуулийн өмнөх сурталчилгааны цуглаанд оролцож үг хэлэх юм. Цуглаанд Ражив Ганди оролцох тухай аль эртнээс зарласан байжээ. Иймд энэтхэгийн ерөнхий сайдаар дахин сонгогдох боломжтой Ражид Гандиг хөнөөх хуйвалдааныг аль хэдийнэ зохиосон байлаа. Хуйвалдаанд оролцогчид шашны бүлгэмийн идэвхитэн Тамилийн хоёр бүсгүйг ашиглажээ. Дхану, Шубха гэдэг хоёр бүсгүйг амьд бөмбөг болгов. Тавдугаар сарын 21 нд алуурчид хотын төв талбайд цугларсан олны дотор ямар ч түвэггүй нэвтрэн оржээ. Хоёр бүсгүйн нэг нь олны дундуур зүтгэсээр Ражив Гандид уламжлалт хэлхээ цэцэг зүүж өгчээ. Энэ үед дэлбэрэлт болж Ражив Ганди, амиа золислогч, өөр хэд хэдэн хүн амь үрэгджээ. Ражив Гандигийн чандарыг ээжийнх нь хажууд Шакти Стхал гэдэг ариун газар байрлуулжээ. Ражив Гандиг хороосон хуйвалдаанд холбоотой 29 хүн Шри Ланк улсад орогнож байна. Тэдний хоёр нь л буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
1995 оны 11 дүгээр сарын 4 нд Израилийн ерөнхий сайд Ицхак Рабин бусдын гарт амиа алдсан юм. Тэр Израилийн ерөнхий сайдаар 1974-1977, 1992-1995 оны хооронд ажиллаж байсан юм. Түүний аминд халдсан хэрэг Тель Авив хотын Изралийн хааны талбайд болжээ.
Хожим түүнийг Рабины талбай гэж нэрлэв. 11 дүгээр сарын 4 нд Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг дэмжсэн цуглаан болжээ. Халдлага болохоос хэдхэн хормын өмнө Рабин “Энх тайваны дуу” аялж байжээ. Цус болсон дууны үгтэй хуудас цаасыг хожим мөрдөн байцаагчид хавтаст хэрэгт оруулсан юм. Ерөнхий сайд руу гал нээсэн Игаль Амир гэгчийг тэр дор нь баривчилсан бөгөөд тэр хэт үндсэрхэг Эяль гэдэг хууль бус байгуулагын гишүүн болох нь хожим батлагдсан юм. Шархадсан Ицхак Рабиныг засгийн газрын лимузины арын суудалд хэвтүүлж хамгийн ойр байсан Ихиллов эмнэлэгт хүргэжээ. Оройн 23 цагт Рабины хэвлэлийн төлөөлөгч нь ерөнхий сайд шархаа даалгүй нас барсаныг мэдэгджээ. Энэ аллагийг хамгийн сайн баримтжуулсан гэж тооцогддог бөгөөд телевиз, төрийн хяналтын албаныхан дүрс бичлэг хийж байхад энэ аллага гарсан юм. Алуурчин Игаль Амирт 1996 онд ял оноожээ.