Антарктидын төлөөх тэмцэл
Өнөөдөр Арктикт байгаа нөөц баялгийн тухай яриад Өмнөд туйлыг мартчихсан юм шиг санагддаг. Учир нь Антарктид нь олон метрийн зузаантай мөсөөр хучигдсан, ойрын ирээдүйд улс орнуудын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж үздэг.
Гэвч Австралчууд өөрөөр боддог бололтой. Өөрөөр боддогийн нотолгоо нь Европын хөлөг онгоц үйлдвэрлэгчдэд олон зуун сая долларын үнэтэй мөс зүсэгч шинэ хөлөг онгоц захиалсан явдал юм. Гэтэл эдүгээ тус улсын эдийн засаг хямралын байдалтай, Засгийн газар нь Европын улс орнуудын нэгэн адил төсвийн зардлаа хумьж байна.
Мөс зүсэгчээс гадна Австралийн хэсгийн Антарктидад нэвтрэх үүд хаалга хэмээн үздэг нисэх онгоцныхоо буудлыг томосгож байна. Уг ажил ч бас ихээхэн мөнгө шаардана.
Ийм их зардал гаргах болсны шалтгаан нь Австрали улс Антарктидад санаархаж байгаа аж. Мэдээж бүхлээр нь биш, мөсөн тивийн “дөнгөж” 40 хувийг нь буюу 3,6 сая км кв талбайг сонирхож байна.
Антарктид
Австралийн Засгийн Газар хэдийнэ Европын хоёр компанитай 1200 тоннын жинтэй, 1,65 м зузаан мөсийг зүсэн урагшлах чадалтай хөлөг онгоц барихаар тохиролцжээ. Энэ тухай Австралийн Хүрээлэн буй орчны сайд Грег Хант нийслэлд болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
Шинэ хөлөг онгоц одоо ашиглаж буй, хүчин чадал нь шаардлагатай хэмжээнд хүрэхээ больсон Aurora Australis-ийг залгамжлах юм байна.
-Олон улсын эрх зүйн дагуу Австрали улс нь өөрийн эрх үүргийг хадгалах, хамгаалахын тулд Антирктид тивд идэвхтэй байр суурийг эзлэх ёстой гэж Хант хэлэв. – Бид мөсөн тивийн 42 хувийг сонирхож байна. Хэрэв үүнээс татгалзвал үр хойчийнхоо өмнө хариуцлагагүй алхам хийсэн болно гэлээ.
Шинжлэх ухааны дархан цаазат газар гэгддэг Антарктид тивд Австрали улс санаатай гэдгээ анх 80 жилийн өмнө илэрхийлж байв.
1963 онд байгуулсан Антарктидын олон улсын гэрээ ёсоор Өмнөд тив нь гэрээг үзэглэсэн орнуудын хамтын удирдлага дор байдаг. Гэрээ үйлчилж байгаа нөхцөлд газар нутгийн элдэв сонирхол байх ёсгүй. Гэхдээ аль нэг улс гэрээнээс гарч Антарктидын аль нэг хэсгийг шаардаж болно. Энэ нь чухам яагаад 64 орон гэрээнд гарын үсэг зурсан, яагаад тус гэрээг НҮБ хүлээн зөвшөөрдөггүйн учрыг хэлж өгч байна.
Түүнчлэн Грег Хант нь Австрали улс Хобарт дахь нисэх онгоцны буудлыг Антарктид руу нэвтрэх гол бааз болгох зорилготойг хэлэв. 2019 онд баригдаж дуусах шинэ хөлөг онгоц ч Хобартаз баазлах юм байна. Нисэх буудлыг өргөтгөснөөр Тасманий эдийн засгийг хөгжүүлээд зогсохгүй Австралийн Антарктидын талаарх байр суурийг бэхжинэ.
Шинэ Зеланд нь Крайстчерчын онгоцны буудлаар дамжуулж Антарктидтай агаараар холбогддог. Тус онгоцны буудлыг Америкийн туйлчид ч ашигладаг.
Антарктидыг бодитоор ашиглах, өөр үгээр хэлбэл ашигт малтмал олборлох тухайд энэ нь холын ирээдүйд хийх ажил. Хиймэл дагуулын сүүлийн үеийн ажиглалтаар Өмнөд тивийн мөс 2010-2013 онд өмнөх таван жилтэй харьцуулахад хоёр дахин хурдан хайлж байгаа нь тодорхой болж хайлсан мөсний хэмжээ жилийн 160 тэрбум тоннод хүрэв. Ийм хэмжээний мөс хайлснаар далайн усны түвшинд жилд 0,43 мм-ээр нэмэгдэж байна гэсэн үг.