Хэрэв бүх улсын ерөнхийлөгч эмэгтэй байсан бол ...
Хэрэв эмэгтэйчүүд улс орнуудыг удирддаг байсан бол дэлхийд энх амгалан ноёлж, зөрчил багасах байсан болов уу? Эмэгтэй ерөнхийлөгчтэй улс орнуудын иргэд удирдлагын ямар нэгэн ялгааг мэдэрдэг болов уу? Энэ асуултын хариуг Өмнөд Америкаас хайх хэрэгтэй. Тус тивийн хүн амын дөрөвний гурав нь амьдардаг гурван улсыг эмэгтэйчүүд удирддаг.
Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет 2006-2010 онд ерөнхийлөгчөөр ажиллаж, тэр ондоо дахин сонгогдсон.
Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефийн рейтинг унаж байгаа ч энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дээгүүр давхих төлөвтэй байна.
2011 онд Аргентины ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Кристина Фернандес де Киршнер сонгогчдын дэмжлэгийг алдсаар байна. Өнгөрсөн онд болсон албан бус сонгуулийн үеэр сөрөг хүчин ерөнхийлөгчийн талынханд хүнд цохилт өгсөн. Чухам үүнээс болж эрх баригчид Киршнерт 2015 онд гурав дахь удаагаа нэр дэвших боломжийг олгох байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй.
Эдгээр гурван эмэгтэй ерөнхийлөгчийн улс төрийн ирээдүй таагүй харагдаж байна.
Мишель Бачелета.
Мишель Бачелета
Бачелетын хувьд хэд хэдэн давуу талд дулдуйдаж дахин сонгогдсон. Тэрээр өрсөлдөгчдөө саналын тоогоор хол хаясан нэгэн. Таамаглаж байсан хэмжээнд хүрээгүй ч Чилийн эдийн засаг бөх бат хэвээр байна. Зарим нэг хурцадмал байдлыг эс тооцвол улс төрийн нөхцөл байдал тогтвортой. Зарим шинжээчид Бачелетын амлалтад эргэлздэг. Тэдний үзэж буйгаар олонхи амлалт хэрэгжихгүй үлдэнэ. Бачелетын тангарагийн ёслол дээр Уругвайн ерөнхийлөгч Мухика хүрсэн амжилтаа хадгалж, хэтэрхий ихийг хүсэхгүй байхыг Чиличүүдэд зөвлөсөн.
Бүх Чили иргэд эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг хүсч байна. Гэхдээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй дунд ангийнхан орлогын тэгш бус хувиарлалтыг багасгах, экологийн болоод эрчим хүчний асуудлыг шийдэх, боловсролын чанарыг дээшлүүлэх, түүнчлэн Пиночеттагийн дарангуйллын үед байгуулсан улс төрийн хэлэлцээрүүдийг цуцлахыг шаардаж байна. Хэрэв эдгээр асуудлыг шийдэхгүй бол улс оронд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх магадлалтай. Ялангуяа оюутнуудын дургүйг их хүргэнэ.
Чилийн гадаад бодлого тийм ч аятай биш. Бачелет Латин Америкийн орнуудтай нягт харилцаатай байх бодлого барьдаг. Гэвч АНУ болон бусад чухал түншүүдтэй хамтран ажиллах нь зайлшгүй.
Бачелетийн хувьд Перу, Болив хоёртой газар нутгийн маргааныг шийдэж, хэт үндсэрхэг хөдөлгөөнийхөнтэй тэмцэхээс өөр аргагүй. Ерөнхийлөгч болсон эхний жилд нь хоёр томоохон байгалийн гамшиг тохиолдов. Умардад хүчтэй газар хөдөлж, Вальпараисо хотын ойролцоо том түймэр дэгдэв. Энэ нь Бачелетад амлалтаа биелүүлэхэд саад болов.
Хувь хүний хувьд Бачелет бол ухаалаг, алсыг хардаг улс төрч. Төр толгойлсон туршлагад нь итгэж ард түмэн түүнийг сонгосон. Анхны сонголтоор тэр чадварлаг ажиллаж сонгогчдын дунд үлэмж нэр хүндтэй болсон. Гэвч дахин сонгогдоно гэдэг ихэнхдээ хатуу сорилын өмнө авчирдаг.
Дилма Русеф
Дилма Русеф
Дилма Русеф нь Бразильд маш их нэр хүндтэй улс төрч. Улс орон их өсөлтийн өмнө ирээд байсан 2011 онд тэр ерөнхийлөгчийн сонгуульд амархан ялалт байгуулсан. Ядуурлын түвшин, нийгмийн тэгш бус байдал буурч, дунд ангийнхны эзлэх хувь ядуу давхаргынхны тооноос давав. Бразиль бүс нутагтаа болон олон улсын тавцанд мэдэгдэхүйц байр суурь, нөлөөтэй болов.
Гэтэл ерөнхийлөгч болоод жил болоогүй байтал инфляци өсч, эдийн засгийн өсөлт удааширч, Бразилийн түүхий эдийн эрэлт унав. Хоёр жил гаруйн хугацаанд Дилма дараах хүчин зүйлийн нөлөөгөөр нэр хүндээ хадгалж чадав. Энэ нь ажилгүйдлийн доогуур түвшин, авилгатай хийсэн тэмцэл зэрэг юм.
2013 оны дунд үеэр автобусны билетийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар өрнөв. Сая гаруй хүн төрийн албаны үйлчилгээг сайжруулах, орлогын тэгш бус хувиарлалтыг арилгах, Засгийн газрын зардлыг танах шаардлага тавьж гудамжинд жагсав.
Дилма дахин сонгогдвол түүний Засгийн газарт хал болох зүйл олон. Тухайлбал инфляци, ажилгүйдлийн түвшин, эсвэл эрчим хүч хангамжийн доголдол, эсэргүүцлийн хөдөлгөөнийг бүдүүлгээр дарсан түүх, авлигын хэргүүд болон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах үеэр гарч болзошгүй аюул, ослууд. Хэрэв сонгогдохгүй бол түүний үлдээсэн ул мөр улам бүдгэрнэ.
Кристина Фернандес де Киршнер
Кристина Фернандес де Киршнер
Кристина Фернандес де Киршнер нь 2007 онд нөхрийнхөө хүсэлтээр түүний албан тушаалыг авчээ. Нөхрөө нас барсны дараа 2011 онд Киршнер дахин сонгогдов. 2001-2002 онд улс орныг нөмөрсөн эдийн засгийн болон улс төрийн хямралын дараа Аргентиныг түргэн хөл дээр нь босгохын тулд чадах ядахаараа зүтгэсэн энэ бүсгүй улс орондоо саяхныг хүртэл хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг байв. Олон жилийн турш Аргентины эдийн засгийн үзүүлэлт Латин Америкдаа дээгүүрт орж байлаа.
Түүнийг дахин сонгогдсоны дараахан улс орны эдийн засгийн өсөлт удаашрав. Инфляцийн түвшин дэлхийд хамгийн өндөрт тооцогдох боллоо. Гадаадын капиталууд урсан гарч, төрийн санхүүжилт төсвийг хоослов. Засгийн газраас хэрэгжүүлсэн үр дүнгүй төслийн үр дүнд ерөнхийлөгчийн нэр хүнд эрс унав.
Одоогоор дээрх гурван эмэгтэй ерөнхийлөгч Өмнөд Америкийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг хэлэлцэхэд эрт байна. Ялангуяа тэдний хүйс төрийн бодлогод яаж нөлөөлсөн тухай ярихад бүр хэцүү. Аргентины ерөнхийлөгчийн улс төрийн карьер дуусах шинжтэй байна. Бачелетэд ахиад дөрвөн жил байна. Дилмагийн хувьд дахин сонгогдож магадгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.