“Монгол ур чадвар-2014” тэмцээний ялагчид тодров
Манай улсын хувьд их бүтээн байгуулалтын салбарт голлох ажлыг нугалж буй мэргэжилтэй ажилчдын олонх нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын төгсөгчид байдаг билээ.
Олон нийтийн зүгээс тэднийг жинхэнэ баялаг бүтээгчид хэмээн нэрийдэх нь бий. Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа барилга, зам тээвэр, уул уурхайн салбарт ажиллах хүмүүсийн ихэнх нь мэргэжилтэй ажилчин байдаг. Харин эдгээр салбарт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэдэг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оюутнуудыг төр засгаас дэмжиж олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал өнгөрсөн онд л гэхэд Хөдөлмөрийн яамнаас Монголын барилгачдын холбоотой хамтран мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцагчдын дунд “Монгол ур чадвар-2013” мэргэжлийн ур чадварын улсын уралдааныг анх удаа зохион байгуулж байсан. Тэгвэл тус яамнаас энэ жил хоёр дахь удаагаа “Монгол ур чадвар-2014” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, өчигдөр ялагчдаа тодрууллаа.
Энэхүү тэмцээний эхний шат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Политехникийн коллежийн өмнөх талбайд болсон. Анх зохион байгуулж байснаа бодоход энэ жил оролцогчдын цар хүрээ тэлж, нэгдүгээр шатанд барилгын өрлөг, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг долоон мэргэжлээр нийт 78 сургуулийн 30 гаруй сургалтын байгууллагын суралцагчид оролцож ур чадвар, авьяасаа сорьсон юм.
78 сургуулийн 30 гаруй сургалтын байгууллагын суралцагчид оролцож ур чадвар, авьяасаа сорьсон юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү тэмцээн нь МСҮТ-д суралцагчдын чадавхыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх, улмаар монгол хүний мэргэжлийн ур чадварыг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүргэх гээд олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр салбарын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй, чадварлаг ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх чигэлэлээр анхаарч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцагсад болон багш нарын ур чадвар, мэдлэгийг сорьж, ялагчдыг дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулахаар төлөвлөөд байгаа юм.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монгол ур чадвар-2014” тэмцээний эхний шатанд 250 орчим мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчид оролцсон бол хоёрдугаар шатанд 60 суралцагч тунан үлдэж, ур чадвараа сорив.
Тэд энэ удаад Чингисийн талбайд өрлөг угсралт, хавтанцар наах, мужаан, үсчин, гоо заслын гэсэн таван төрлөөр өрсөлдлөө. Оролцогчид дээрх мэргэжлийг хэрхэн эзэмшиж, багш нараасаа юу сурч, мэдсэнээ харуулж, тэмцээнийг улам сонирхолтой болгож байв. Эл тэмцээн явагдаж байх зуурт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Энэхүү тэмцээнд тэргүүлсэн хүүхдүүд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагаас зохион байгуулдаг тэмцээнд оролцох эрх авна. Ирэх онд Бразил улсад зохиогдох энэ том тэмцээнээс шагнал хүртэх аваас дэлхийн томоохон компаниудад урилгаар ажиллах боломж нээгдэнэ. Тэд ч тухайн мэргэжилтэнг аль улсын иргэн гэдгийг нь харгалзахгүй, өндөр цалинтай ажилд авдаг. Тиймээс энэ том тэмцээнд оролцох эрх авсан хүүхдүүдээ Солонгос улсад есөн төрлийн мэргэжлээр зургаан сар орчмын хугацаатай сургаж, бэлтгэнэ. Ингэснээр оролцогчид гадаадад хагас жил, эх орондоо жил бэлтгэгдэж, тус тэмцээнд оролцох болно” гэв.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрдугаар шатанд шалгарсан багш, суралцагчдын хийсэн бэлэг дурсгалын зүйлс, уурхайн гүнээс аврах тоног төхөөрөмж, модон эдлэлийн бүтээл зэрэгтэй танилцаж, оролцогчдод амжилт хүслээ.
Ингээд “Монгол ур чадвар-2014” тэмцээн ялагчаа тодруулав.
Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж олгож байгаа. Хамгийн наад зах нь Политехникийн коллежийн оюутан залуус хүнсний үйлдвэрийн ундаа шахдаг төхөөрөмжний хошууг таван ам.доллар, дээрээс нь ажлын хөлс гурван ам.доллар нийт найман ам.доллараар хийж байна. Гэтэл бид үүнийг гадаадаас 18 ам.доллараар худалдан авдаг. Үүнээс харахад гадны улс орноос аливаа бараа бүтээгдэхүүнийг импортоор үнэтэй авч байснаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм” хэмээн онцолсон юм.
Ингээд “Монгол ур чадвар-2014” тэмцээн ялагчаа тодруулав. Мужааны ангилалд I байрт Техник технологийн дээд сургуулийн оюутан Д.Нармандах шалгарсан. Харин барилгын хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Д.Мөнгөншагай, Барилгын өрөг буюу өрлөгийн төрөлд Дорнод аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Б.Нямтулга, үсчингийн төрөлд Үйлдвэр урлалын политехникийн коллежийн оюутан Б.Ундармаа, гоо заслын төрөлд Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Г.Энх-Амгалан нар шалгарав.
Ийнхүү тэд ирэх онд Бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Хэрэв дээрх дэлхийн ур чадварын тэмцээнээс ямар нэгэн шагнал хүртэж чадах аваас өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм.