Я.Санжмятав: МСҮТ-д ирж ажилла, сур
“Миний мэргэжил-Бидний ирээдүй” нэвтрүүлгийг Монгол улсын баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөр бүтээв.
Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй ажлын байрны 40 орчим хувийг Мэргэжлийн боловсрол, сургалтаар эзэмшсэн мэргэжил эзэлж байна. Төр засгийн зүгээс ч МСҮТ-ийг хөгжүүлэх нь улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэхийг олж харжээ. Тэгээд ч өнгөрсөн жилээс МСҮТ-ийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн яам хариуцах болсон. Энэ жил улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй сургууль элсэлт авчээ. Нийт 26175 залуус 188 мэргэжлээр сурч байна. Энэ нь чамлахаар үзүүлэлт биш, харин үр дүн. Багшлах багш нар их дээд сургууль руу хошуурч, багш боловсон хүчнээ ч алдаад байсан. Харин одоо МСҮТ-д багшилж байгаа хүмүүсийн дунд багшлах эрх авсан мэргэжлийн тогооч, техникч, үйлдвэрлэлийн хүмүүс олон болжээ.
Нийт 26175 залуус 188 мэргэжлээр сурч байна.
80 гаруй МСҮТ-д 2000 орчим багш, сурагч, техникчид ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төвд 2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар төрийн өмчийн 49 сургууль, төрийн өмчийн бус 26 сургууль, их дээд сургуулийн харъяа долоон байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай таван сургуульд нийтдээ 45225 суралцагч суралцжээ. Эдгээрийн 35300 нь төрийн өмчийн сургуульд, 10000 орчим нь төрийн өмчийн бус сургуульд суралцсан байна. Үүнээс баруун бүсэд 5935 суралцагч, 555 ажиллагсад ажиллаж байгаа гэсэн судалгаа байна. Өнгөрч буй онд МСҮТ-ийг 11000 орчим залуус төгсжээ. Харин тэдний 70 гаруй хувь нь ажлын байртай болсон байх юм. Үлдсэн 30 хувийг нь хөдөлмөрийн биржээр дамжуулан ажлын байртай болгохоор салбар яам нь анхаарчээ. Ингээд бодохоор МСҮТ-ийг төгссөн залуу ажлын байр олох юмсан гэж санаа зовохгүй, төр засгийн татаасаар шууд л ажлын байртай болдог.
Албан бус тоогоор их дээд сургууль дүүргэгчдийн 1/3 нь ажлын байртай болж байгаа. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын төвд төгсөгчдийн 2/3 нь шууд ажлын байртай болж, үлдсэн нэг нь хөдөлмөрийн бирж, яамаар дамжуулан ажлын байртай болж байна. Ийм л учраас залуу МСҮТ-ийг сонгоход хүрч байна. Цаашид ч энэ төвд суралцах залуусын тоо тасрахгүй улам нэмэгдэнэ гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.
Сур, бас дахин сур
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: “Манайд мэргэжилтэй ажилтан шиг хэрэгтэй зүйл алга. Хятадуудыг хөө гэж байна, сайхан залуучуудыг гадагш нь гаргаж хөлсний хөдөлмөр хийлгэлээ гэж байна. Тэгвэл энэ байгаа ажил дээрээ Монголчууд нь чадвартай болъё, үүний төлөө л Хөдөлмөрийн яам байгуулагдсан. Эхлэлийн бололцоо, суурийг бид олгосон.
Ийм байхад хөдөлмөрлөхгүй унтаж байгаа хүмүүсийг хүчээр аваачиж албадан хөдөлмөр хийлгэж чадахгүй. Тиймээс бололцоо бүхнийг ашиглаарай. МСҮТ эхний ээлжинд мэргэжилтэй боловсон хүчинг бэлдэнэ, дараа нь их, дээд сургуулийн түвшинд чадвар нь дээшилж бакалаврын зэрэгтэй ажилтан бэлтгэгдэнэ. Тэр нь үйлдвэр зээлийн механик, ээлжийн дарга, мастер зэрэг ажлуудаа хийх бололцоо бүрдэнэ. Шинэчлэлийн засгийн газрын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд өнгөрсөн жил 7000 хүнийг бэлдсэн.
Төсвийн хөрөнгө хэдийгээр танагдах ч гэсэн энэ ажил дээрээ илүүтэй анхаарна. Тиймээс сур, бас дахин сур. Хэрэв ном унших цаг хугацаа нь оройтсон, магадгүй эрдэмтэн, судлаачид нь илүү болчихсон бол одоо хөдөлмөрлөдөг хүмүүс цөөхөн болжээ. Тиймээс МСҮТ-д ирж ажилла, сур. Амьд байгаа хүнд олж авсан мэргэжил үхэн үхтлээ хэрэг болно. Хамгийн үнэнч хань, эцэг, эх нь тэр болно. Тиймээс МСҮТ-д ирээрэй.”