Адилхан ажил - адилхан цалин гэсэн олон улсын зарчмыг бид биелүүлэх ёстой
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.05.11

Адилхан ажил - адилхан цалин гэсэн олон улсын зарчмыг бид биелүүлэх ёстой

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

- Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

Сүүлийн жилүүдэд зах зээлийн хөгжлөө дагаад Хөдөлмөрийн тухай хуулинд шинэчлэл хийх шаардлага гарсан. Шинэ тутам үүсээд буй хөдөлмөрийн харилцааны олон хэлбэрийг уг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй гэж МҮЭХ үзэж байна. Гэрээр, түрээсийн гэрээгээр маш олон хүн хөдөлмөр эрхэлдэг.

Тэдний хөдөлмөрийн харилцаанд үүсч буй хүндрэлийг шийдэх эрх зүйн зохицуулалт Монголд алга. Тиймээс бид хуулийн шинэчилсэн найруулгаас хэд хэдэн зүйлийг хүлээж байна. Юуны түрүүнд хууль тогтоомжид ажил олгогч, ажил эрхлэгчдийн эрхийг тэгш тусгах хэрэгтэй. Өнөөдөр манай ажил олгогчдод хөрөнгө, эрх мэдэл байна. Харин ажилтны хувьд бие болон оюуны чадавхиа санал болгохоос илүү гардаггүй.

- Цалингийн зөрүүтэй байдлыг яах вэ?

Адилхан хөдөлмөр эрхэлж буй нөхцөлд ижил хэмжээний цалин олгох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь зарчмыг Монгол улсын хөдөлмөрийн хуулинд тусгах ёстой. Гадаад, дотоод ажилтан, мэргэжилтнүүдийн цалин 5-15 дахин, зарим тохиолдолд 30 дахин хол зөрөөтэй байдаг. Цаашлаад энэ нь зэрэгцээд сууж буй хоёр монгол багшийн цалин өөр байж болох тийм эрсдлийг өдөөж байна. Гэхдээ энд би ур чадвараас нь хамааруулж ялгаатай цалин олгох тухай яриагүй бөгөөд үндсэн цалин ижил байх тухай ярьж байна.

Гадаад, дотоод ажилтан, мэргэжилтнүүдийн цалин 5-15 дахин, зарим тохиолдолд 30 дахин хол зөрөөтэй байдаг.

Мөн хөдөлмөрийн маргааныг зохицуулах асуудал бий. Өнөөдөр нэг маргааныг шийдэхийн тулд олон сар жил болдог. Ажилтан залхаж эрхээ хамгаалахаа зогсооход хүрдэг. Тиймээс  маргаан шийдэх үйл явцыг түргэн, ойлгомжтой болгох хэрэгтэй.

Энэ мэтчилэн МҮЭХ уг хуулийн төсөл дээр хэд хэдэн зүйл дээр эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв энэ чигээр нь УИХ-д оруулвал бид батлуулахгүйн төлөө ажиллана. Ийм хуулийг бид дэмжихгүй.

- Нөхөн олговрын тухайд та юу хэлэх вэ?

Хөдөлмөрийн маргааныг арбитраар шийднэ гэж шинэчилсэн найруулгад заасан. Гэтэл арбитр нь ямар эрх мэдэлтэй, яаж ажиллах нь тодорхойгүй байгаа учраас өмнө нь маргаантай байсан асуудлыг улам бүрхэгдүүлж байна. Гэхдээ үүнийг ярилцаж засч залруулах хугацаа бий. Гурван талаас тав таван хүнтэй ажлын хэсэг орсон. Гэхдээ МҮЭХ-ны санал бараг ороогүй.

- Шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн харилцаа үүссэн цагаас эхлэн хөдөлмөрийн маргааныг шийддэг болно гэж ажлын хэсгийнхэн ярьж байна. Гэхдээ хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг яаж батлах вэ?

Ер нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан цагаас эхэлж хууль үйлчлэх ёстой. Хөдөлмөрийн нарийвчилсан харилцаа гэрээ байгуулсан цагаас л эхэлдэг. Тиймээс зөвхөн харилцаа үүссэнээр эрх зүйн орчин бүрдэнэ үзэж байгаа нь буруу.

Тухайн хүний ажиллах гэсэн сонирхлыг нь далимдуулж тулгаж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, эсвэл гэрээгүй ажиллуулдаг тохиолдол олон. Ялангуяа алслагдсан бүсүүдэд илүүтэй ажиглагддаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар эрхээ хамгаалуулах боломж бүрдэнэ гэдгийг ажилд орж буй хүн болгон ойлгох хэрэгтэй.

- Ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ?

Ажлын байрны ил ба далд хэлбэрээр явагддаг. Ил дарамтыг хуулийн байгууллагаар шийддэг. Харин далд дарамтыг яах вэ гэдэг эрх зүйн орчин бүрхэг байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага уг хоёр хэлбэрийг адилхан авч үздэг. Энэ зарчмын дагуу бид уг асуудлыг хуулиндаа тусгах ёстой.