Я.Содбаатар: Малчдын олонхи нь тэтгэвэрт хамрагдаж чаддаггүй
Орон нутагт бэлчээрийн талхлалт их байна. Малчдын дунд бэлчээртэй холбоотой маргаан гардагтай холбоотой малчид бэлчээрийг үр ашигтай ашиглах арга зам бий болгоход төр засгаас анхаарахыг хүслээ.
Өвөрхангай аймаг нийт 30 мянга гаруй өрхтэй. Үүнээс 18 мянга нь малчин. Харин хөдөлмөрийн насны хүн амын 80 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг юм байна. Манлай малчдын зөвлөгөөнд мянгат болон улс, аймгийн сайн малчид оролцож олон жил мал малласан арга туршлагаасаа хуваацлсанаас гадна Өвөрхангай аймгийн мал аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудлаа УИХ-ын гишүүн Я.Содбаатарт уламжиллаа. Тэд юун түрүүнд бэлчээрийн даацын асуудал хүндэрч байгааг хэллээ. Аймгийн хэмжээнд бэлчээр талхлалт 1,5 хувьтай байна. Нийт бэлчээрт 1,8-2 сая мал бэлчээрлэх боломжтой ч энэ жилийн төлийг нийлүүлээд 3,5-5 сая хүртэл мал бэлчээрлэх юм байна. Малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн чанар муудаж байгааг хэллээ. Мөн залуу малчдын тоог нэмэх шаардлагатай байгааг ч дурдлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
Өнөөдөр мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа ахмадуудаас тэтгэвэрт гарч байгаа нь чухам хэд вэ гэсэн статистик тоог аваад үзэхээр харамсалтай тоо гардаг. Тиймээс мал аж ахуйн салбарт ажилласан нэг жилийг 1,5 жилээр тооцож цаашдаа малчдын тэтгэврийн насыг таван насаар багасгах хуулийн төслийг боловсруулаад холбогдох байнгын хорооны хэлэлцүүлэгт оруулаад байна.
Мал аж ахуй нь Өвөрхангай аймагт хамгийн олон ажлын байр бий болгож байгааг Я.Содбаатар гишүүн онцоллоо. Өнгөрсөн онд тус аймаг 3 сая 486 мал тоолуулсан, энэ жил 1 сая 200 мянган төл хүлээн авахаар төлөвлөжээ. Аймгийн ДНБ-ий 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Энэ жил малын чанар, ашиг шимийг сайжруулахад анхаарч ажиллахаа аймгийн удирдлага хэллээ.