Д.Дамба: Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй салбар
C1 телевизийн “Vip тодруулга”-ын зочноор Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба оролцлоо.
- Өнөөдөр нийгэм тэр чигээрээ, улс орны удирдагчдын зүгээс ч гэсэн уул уурхайг дагаж орж ирэх эдийн засгийн хөрөнгө оруулалт нэмэгдээсэй гэсэн хүлээлттэй байна. Та ассоциацийг тэргүүлдэг хүний хувьд нөхцөл байдал дээрдэх гэрэл гэгээ харагдаж байна уу?
Дээрдэж байгаа. Ялангуяа бид 2014 оны эхэнд УИХ-аар эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлуулсан. Энэ нь наад зах нь 10 жил мөрдөх үзэл баримтлал байгаа. Энэхүү үзэл баримтлалд Монгол улс уул уурхайгаа түшиглэж хөгжих, тэр тусмаа уул уурхай хувийн хэвшил дээрээ түшиглэсэн хөгжил явагдана гэдгийг зааж өгсөн. МУИС-д эрдэм шинжилгээний онол практикийн хурал хийж байна. Энд хүмүүс олон янзын өнцгөөс ярьж байна. Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд гол нөлөө үзүүлдэг салбар. Энэ салбараа хөгжүүлэх нь бараг Монгол улсыг хөгжүүлэх тухай салбарын бодлогын нэг хэсэг байх ёстой гэж үзэж байгаа.
- Бодлого саяхан батлагдлаа. Энэ бодлого нь одоо мөрдөгдөж байгаа хуулиудтайгаа хэр уялдаж байна. Үүнээс болоод энэ салбарын бүх хуулиудыг өөрчлөх, цэгцлэх шаардлага үүсч байгаа байх?
Бодлогын баримт бичигтэйгээ уялдуулаад ашигт малтмалын хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Энэ ажил тодорхой хэмжээнд явагдаж Засгийн газраас их хуралд өргөн бариад байна. Сая өргөн барьсан бодлогын баримт бичиг бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний санаанд бүрэн нийцээгүй. Үүнийг төрийн захиргааны байгууллагын зүгээс, Засгийн газрын зүгээс хийсэн гэж үзэж байгаа. Бидний санаа бодлыг тусгасан эрх зүй болж чадаагүй.