Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.05.23 / өргөн барилаа.
Тухайн ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлууд тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч, улсын ашигт малтмалын нөөцийн комисст батлуулахаар явуулсан бөгөөд тус комисс хэлэлцээд нөөцийг хүлээн авснаар тооцох, техник эдийн засгийн үндэслэл болон тогтмол мөрдөх жишгийг боловсруулан батлуулж, нөөцийн тооцоог дахин хийж танилцуулахаар тогтсон.
Тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтууд болон Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тэмдэглэлд “Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй байгаа Цагаан суварга, Гацуурт, Цайдам нуур, Хөшөөтийн ордуудын ордын нөөц, хөрөнгө оруулалтын хувь хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувийг улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр эзэмших талаар дээрх ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгав”гэсэн нь энэхүү тогтоолын төслийг боловсруулах эрх зүйн үндэслэл болсон.
Цагаан суваргын зэс, молибдений орд нь говийн бүсэд орших бөгөөд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан ба Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзсэн учир төрийн оролцоо байх шаардлагатай юм.
Тогтоолын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Тогтоолын төсөл 3 заалттай байна. Цагаан суваргын зэс, молибдений ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хуулинд заасан хязгаарт багтаан Ажлын хэсгийн тооцсоноор тогтоох агуулгыг нэгдүгээр заалтад оруулна.
Хоёрдугаар заалтад Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг санхүүжүүлэх асуудлыг тусгана.
Гуравдугаар заалтад төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ”ХХК-д эзэмшүүлэх асуудлыг тусгана.
Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар
Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоосноор улсын төсөвт төвлөрөх орлогын эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой юм.
Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт (МАК)” ХХК-ийн хувьд төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой.
Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байна.