Амралтаараа ажилласан оюутныг 200 мянган төгрөгөөр урамшуулна
Амралтаараа ажилласан оюутныг 200 мянган төгрөгөөр урамшуулна
2014.05.06

Амралтаараа ажилласан оюутныг 200 мянган төгрөгөөр урамшуулна

Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн талаар мэдээллээ.

2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байрыг бий болгожээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ сард дээрх тоо нэмэгдэнэ гэлээ.

Энэ жил барилга, зам, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэн нийлүүлэх нь яамны гол зорилго болохыг тэрбээр онцолсон. Эдгээрт нийт 68.5 мянган ажилчин хэрэгтэй байгаагаас инженер 8500, туслах ажилчин 16.5 мянга, мэргэжлийн ажилчин 47 мянга байх тооцоо гаргажээ.

Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ, Политехникийн коллежид 42.7 мянган оюутан суралцаж байгаагаас 21 мянга нь мэргэжилтэй ажилчин болж төгсөх аж. Энэ жилийн хувьд мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх хүрээнд хоёр сарын дадлага, сургалтыг өнгөрсөн сараас эхлүүлээд буй. Мөн бүтээн байгуулалтын ажилд хүч нэмэгдүүлэхийн тулд оюутан, сурагчдыг зуны амралтаар нь түр ажлын байраар хангах зорилготой хөтөлбөрийнхөө талаар онцлон танилцуулав.

Хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтын ажилд 1200, байгаль орчин хамгаалах эргүүлийн ажилд 1300 орчим, сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах хөтөч, эргүүлийн үйл ажиллагаанд 600 орчим иргэнийг хамруулах гэнэ.

Эл хөтөлбөрт 10 мянган оюутан хамруулна гэж тооцож, улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал, яамны зүгээс оюутан, залуучуудыг ажилд зуучилж, хөдөлмөрийн хөлсөн дээр нь нэмж 200 мянган төгрөгийн нэмэгдэл олгох юм байна. Ажил олгогчоос цалин авч ажиллахгүй ч гэлээ сум, орон нутгийн бүтээн байгуулалт, шаардлагатай ажилд зуны амралтаараа хувь нэмэр оруулсан оюутан залууст ч дээрх 200 мянган төгрөгийн урамшуулал хамааралтай аж. Учир нь үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ажил олгогч 1000 орчим байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд анхаарал хандуулж байгаа аж. Тодруулбал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтын ажилд 1200, байгаль орчин хамгаалах эргүүлийн ажилд 1300 орчим, сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах хөтөч, эргүүлийн үйл ажиллагаанд 600 орчим иргэнийг хамруулах гэнэ. Хөдөлмөрийн сайд эдийн засаг хүндэрснээс болж аж ахуйн нэгжүүд “хаалгаа барьсан” зүйл байхгүй гэдгийг энэ үеэр мэдэгдэв.

Тэрбээр “Хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа хумихаас илүүтэй өөр олон чиглэлд хүч үзэх болсон. Манай бизнесийнхэнд байдал хүндэрлээ гээд ажилчдаа халах сэтгэлгээ байхгүй. Тэдний хувьд хамгийн үнэт капитал нь хүн гэдгийг ойлгож байгаа” гэсэн юм. Мөн энэ чиглэлээр ажил олгогчтой тогтмол уулзалт зохион байгуулж байгаа гэв.

Энэ талаар Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал М.Чимэддорж “2013 оны хоёрдугаар хагасаас энэ оны нэгдүгээр улирлыг дуустал томоохон цомхтгол хийсэн аж ахуйн нэгж байхгүй. Барилгын салбарын хөрөнгө оруулалт хойшилсон нь шинээр бий болох байсан ажлын байрны тоонд нөлөөлсөн байх талтай. Мөн цалингийн хувь хэмжээ буураагүй” гэв.

Төрийн албан хаагч 109 мянган хүний цалин ямар нэг хэмжээгээр нэмэгдээд байгаа аж. Түүнчлэн яамны зүгээс энэ жил хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа. “Бидэнд бичиг цаас дутаагүй ч аюулгүй байдлыг илүү сайн хангахын тулд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон” гэлээ.

2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт осол, гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг, ажилтнаа энэ чиглэлийн сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.

Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлж буй. Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчдод хандан “Нэн тэргүүнд ажлын байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.

Хөдөлмөрийн төв бирж www.hudulmur.mn хуудсаар дамжуулан цахим зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг 56 мянган аж ахуйн нэгжийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул ажлын байрны талаарх мэдээллээ байршуулаад байгаа аж. Өнгөрсөн сарын 1-нээс ажиллаж эхэлсэн тус үйлчилгээнд 204 мянган иргэн хандаж, ажил хайж байна.