Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэлэв
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.05.21

Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэлэв

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд” сэдвээр үг хэлэв.

Тэрбээр монгол орны уур амьсгалын өөрчлөлт нийт хүн амын эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, дасан зохицох арга замын талаар ард иргэд, нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажиллагсдад зохих мэдлэг, дадлыг эзэмшүүлэхийн чухалыг онцлон тэмдэглэв. Монгол оронд сүүлийн хорь гаруй жилийн явцад зуд, хүчтэй салхи, үер усны аюул, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг тав дахин нэмэгдэж, хөрсний 80 гаруй хувь нь цөлжилтөнд өртөж, 14.000 м2 ногоон ой түймэрт шатсан байна.

Түүнчлэн монгол орны гурван гол горхи тутмын нэг нь хатаж үгүй болж байгаа нь хүний эрүүл мэндийн амин чухал асуудал болох ундны усны бүрэн хомсдолд хүргэх бодит аюулыг бий болгож байгаа талаар цохон тэмдэглэв. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны Давосын Эдийн засгийн форумд оролцохдоо дэлхийн улс орнуудын тэргүүн нарт хандаж 2015 оноос хойших дэлхий нийтийн хөгжлийн зорилтыг дан ганц ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлахыг уриалсныг Сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн индрээс дахин онцлон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ өдөр БНТУ-ын Эрүүл мэндийн яамны 1-р орлогч сайд Др. Экрем Атбакантай уулзалт хийн, архины хэрэглээг бууруулах асуудлаар тус улстай хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэргийн шугамаар нарийвчлан хэлэлцэхээр тохиролцлоо.

Өнөөдрийн өдрийн чуулганы А хорооны хуралдаанаар ДЭМБ-ын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр оролцлоо. Тэрбээр ДЭМБ-ын шинэчлэлийн явцыг Монгол Улсын Засгийн Газар эхнээс нь бүрэн дэмжиж ирснийг тэмдэглэж, ДЭМБ-ын бүсийн хороод болон Гүйцэтгэх зөвлөл, Ассамблей хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар Нарийн бичгийн дарга нарын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Монгол Улс сайшааж байгааг илэрхийлэв. Ялангуяа хөтөлбөрийн төлөвлөлтийг улс орны түвшинд онцлог, хэрэгцээ, шаардлагад нь уялдуулан төлөвлөх явц 2014, 2015 оны санхүүгийн жилийн төлөвлөлтийн явцаас харагдаж эхэлсэн нь сайшаалтай байгааг тэмдэглэв. Түүнчлэн ДЭМБ цаашид улс орнуудын эрүүл мэндийн салбарын урт, дунд хугацааны стратеги төлөвлөлттэй уялдуулан хөтөлбөрийг хоёр хоёр жилээр бус хэд хэдэн жилийг дамнан үргэлжлэн хэрэгжих маягаар төлөвлөвөл илүү үр дүнтэй байж болох талаар санал дэвшүүлэв.

С.Төгсдэлгэр цааш хэлэхдээ ДЭМБ хөтөлбөрийг төлөвлөх, нөөцийг хуваарилахдаа улс орнуудыг баян, ядуу, дунд орлоготой гэдэг ангилалаар харах бус тухайн улс орнууд дахь ядуу эмзэг бүлгийн хүн амын тоог чухалчлан харж нөөцийг хуваарилахын чухалыг онцлов. Ингэхдээ ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан Ассамблейн нээлтийн үгэндээ улс орны эдийн засаг өсөхийн хирээр эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдэхгүй байгаа тохиолдолд ядуу эмзэг бүлгийн хүн амаар дүүрсэн баян, өндөр орлоготой улсуудын тоо нэмэгдсээр байх болно хэмээн тэмдэглэснийг онцлов. Тийм учраас улс орнуудын түвшинг тогтоохдоо тэгш байдлын индикаторыг бие даасан үзүүлэлт болгон ашиглах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлэв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ өдөр БНТУ-ын Эрүүл мэндийн яамны 1-р орлогч сайд Др. Экрем Атбакантай уулзалт хийн, архины хэрэглээг бууруулах асуудлаар тус улстай хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэргийн шугамаар нарийвчлан хэлэлцэхээр тохиролцлоо.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Замбийн Тэргүүн хатагтай Кристин Касеба-Сата болон Билл, Мелинда Гейтсийн Сангийн хамтарсан тэргүүн Мелинда Гейтс нар хүндэт зочны хувиар уригдан оролцож, үг хэлсэн байна.