ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзав
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзав
2014.05.21

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Женев хотноо албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Монгол Улсын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох архины хэрэглээг бууруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан санаачлага хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаар Бүсийн захиралд товч танилцуулав. Тухайлбал, Монгол Улсад насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн бараг тэн хагас нь, эмэгтэйчүүдийн ¼ нь архи хэрэглэдэг.

Өсвөр насныхны дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 67.9 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө архидан согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдаг талаар онцлон тэмдэглэв. Түүнчлэн жилд 40-50 хүн архины цочмог хордлого болон осол гэмтлийн улмаас нас бардаг болон хүн амын дунд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох шаталсан судалгааны дүнгээс харахад Монголд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүсийн дунд архины хэрэглээ дорвитой буурахгүй байгаа талаар тэмдэглэж, архины хортой хэрэглээ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй манай Номхон далайн баруун бүсийн ихэнхи улс орнууд болон Америкийн бүсийн улсуудад халдварт бус өвчин эмгэгт хүргэж байгаа хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл болж байгаа учраас ДЭМБ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.

 Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 66 дугаар чуулганы индрээс Архины хортой хэрэглээг хянах суурь конвенц байгуулах санаачлага дэвшүүлж, энэ талаар НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга ноён Бан Ги-мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нартай уулзах үеэр асуудал дэвшүүлж байсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Женев хотноо албан уулзалт хийлээ.

Үүний мөрөөр Монгол Улсын Засгийн газар - Эрүүл мэндийн яам санаачлагыг гартаа авч, архины хэрэглээг бууруулах асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн Бүсийн төвтэй хамтран бүс нутгийн хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бүсийн Захирал Др. Шин Ян-сутай дэлгэрэнгүй ярилцлаа. 

 Бүсийн захирал Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа дээрх санаачлалгыг нааштай хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 6 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах, улмаар зохион байгуулалтын явцад Бүсийн Хорооны зүгээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлэхээ амлав. Түүнчлэн тэрбээр бэлтгэл ажлын хүрээнд Бүсийн Хорооноос холбогдох мэргэжилтнийг ойрын хугацаанд Монгол Улсад томилон ажиллуулж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хамтарсан төслийн санал боловсруулахаар шийдвэрлэлээ. Др.Шин Ян-су өөрийн биеэр дээрх зөвлөлдөх уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв.

 Мөн өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Тайландын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Прадит Синтаванаронг-той уулзалт хийж, архины хэрэглээг бууруулах асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах асуудлаар санал солилцож, ярилцав. Тайланд улсын хувьд ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн Бүсийн Хороонд харьяалагддаг бөгөөд архины хэрэглээг хянах, бууруулах асуудаар олон улсын хэмжээнд өөрийн дуу хоолойг илэрхийлдэг цөөхөн улсуудын нэг юм. Тус улсын Сайд Прадит Синтаванаронг Монгол Улсын санаачлагыг дэмжин хүлээж авч байгаагаа илэрхийлээд, 2015 онд Монгол Улсад зохиогдох зөвлөлдөх уулзалтад өөрийн улсын төлөөлөгчдийг оролцуулан үндсэн хуралдаан болон салбар хэлэлцүүлгүүдэд үг хэлүүлж, илтгэл тавиулах боломжтойг уламжлав.

Дээрх уулзалтуудад Монгол Улсаас Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж болон холбогдох бусад албаны хүмүүс байлцлаа.