Дэлхийн эрүүл мэндийн ассамблей эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-ний өдөр эхэллээ.
Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагч нараас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн Ассамблейд оролцож байна. Энэ жилийн хувьд нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдэвтэй байх бөгөөд улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар эл сэдвээр үг хэлэх аж.
Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхлэв. Энэ жилийн 67 дугаар Ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др. Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Харин Ассамблейн А хорооны даргаар Австрали улс, Б хорооны даргаар Уганда улсын төлөөлөгч сонгогджээ.
Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Роберто Моралес Охеда төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ хүний эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн болон орчны нөлөөлөл чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Бүх улс орнуудын төр засаг ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн цогц бодлого баримталж байж хүний эрүүл мэндийг сайжруулах нөхцөлийг сая бүрдүүлнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах ёстой” хэмээсэн байна.
Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхлэв.
Түүнийг Ассамблейн нэгдсэн чуулганд үг хэлсний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирад Др. Маргарет Чан төлөөлөгчдад хандаж үг хэлэв. Др. Чан хэлэхдээ дэлхий даяар, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад хүүхэд насны таргалалалт, илүүдэл жин асар хурдацтайгаар өсөж, дэлхий даяар халдварт бус өвчний эпидемийн эх үүсвэрийг тавьж байгааг онцлов. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-aaс Хүүхэд насны таргалалтыг таслан зогсоох ажлыг хариуцах өндөр түвшний хороог байгуулж байгаа талаараа мэдээлэв.
Түүнчлэн тэрбээр дэлхий нийтийн хэмжээнд ядуучуудын 70 гаруй хувь нь хөгжиж байгаа улс орнуудад амьдарч байгааг цохон тэмдэглэж, улс орнуудын эдийн засаг хөгжихийн хирээр нийгмийн салбар, нэн ялангуяа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт дагаж нэмэгдэх ёстой талаар, түүнчлэн баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах хамгийн зөв зам нь хүний эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт байх ёстой талаар улс орнуудын төрийн тэргүүн нарт хандаж онцлон тэмдэглэв.
Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх ба дээрх чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцож байна.