Спортын шилдэг сургуулиудыг урамшууллаа
Шагнал гардуулах үеэр
2014.05.21

Спортын шилдэг сургуулиудыг урамшууллаа

Монгол Улсын бүх их, дээд сургууль дотроос хамгийн шилдэг спортын сургуулиар ШУТИС-ийн хамт олон шалгарлаа. Монголын оюутны спортын холбооноос спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг 2014 онд зохион байгуулахад ийм үзүүлэлт гарчээ.

Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний (УАШТ) хаалтын нэгдсэн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 11:00 цагаас Спортын төв  ордны  4 давхрын  хурлын танхимд болов. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсын спортын шилдэг 6-н их, дээд сургуулиудыг шалгаруулан хүндэт өргөмжлөл, цом, дурсгалын медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан билээ.

Спортын шилдэг ИДС-иар 10 спортын төрөлд бага онооны журмаар дүгнэхэд:

  • 1 дүгээр байрт профессор Б.Очирбат захиралтай ШУТИСургууль 80 оноогоор тэргүүн байр эзлэв.
  • 2 дугаар байрт доктор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДСургууль (88 оноо)
  • 3 дугаар байрт доктор Д.Мөнхжаргал захиралтай МУБИС (97 оноо)
  • 4 дүгээр байрт профессор Т.Хэрүүга захиралтай ХААИС (109 оноо)
  • 5 дугаар байрт МУГТамирчин Д. Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДС (114 оноо)
  • 6 дугаар байрт Л.Гэрэлт-од захиралтай Монголын Үндэсний их сургууль (134 оноо) эхний байруудад тус тус шалгарлаа.

Нийтдээ 2081 хүн энэхүү арга хэмжээнд хамрагдан оролцлоо.

Оюутны УАШТэмцээнүүд жүдо бөх, гандбол, волейбол, шатар, таэквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, чөлөөт бөх, заалны хөлбөмбөг, модон бөмбөг зэрэг 10 төрлөөр явагдаж нийслэл болон орон нутгийн 37 их, дээд сургуулийн 1847 оюутан тамирчин оролцож, 134 багш, дасгалжуулагч хамрагдан, 100 шүүгч тэмцээнийг зохион байгуулж нийтдээ  2081 хүн энэхүү арга хэмжээнд хамрагдан оролцлоо. Эдгээр тэмцээнүүд дотроос таэквондогийн төрлөөр хамгийн анх удаагаа оюутны УАШТ-ийг явуулсан ба тус тэмцээнийг хамгийн сайн зохион байгуулалттай болсон гэж үзэн  Монголын оюутны таэквондогийн холбоог тусгай шагналаар шагнав.

Монголын баг тамирчид 2014 онд байт харваа, бокс, буудлага, хүндийн өргөлтийн төрлөөр оюутны ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна.

Монгол улсын оюутны УАШТ-нүүдээс шалгарсан тамирчид 2014 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг гардан авсан юм. Хамгийн түрүүнд таэквондогийн оюутан тамирчид  06 сарын 6-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо болох оюутны ДАШТэмцээнд оролцохоор болов. Түүнчлэн 7 сард Унгарын Пексд чөлөөт бөхийн төрлөөр, 8 сард Польшийн Катовицэд шатрын спортоор, 10 сард Малайзын Перлис хотод модон бөмбөгийн төрлөөр оюутны дэлхийн аваргад шалгарсан тамирчид оролцно. Үүнээс гадна Монголын баг тамирчид 2014 онд байт харваа, бокс, буудлага, хүндийн өргөлтийн төрлөөр оюутны ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна.  

Оюутны УАШТ-ний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан,  МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, БШУЯамны дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн, доктор Б. Батсайхан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, спортын шилдэг их, дээд сургуулиар шалгарсан  их дээд сургуулийн захирал, удирдлагууд  эрдэмтэн багш нар, дасгалжуулагч, оюутан тамирчид, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлүүд энэхүү арга хэмжээнд оролцлоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО