Хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо
Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2014.05.20/ хуралдаанаар Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонслоо.
Сайдын мэдээлснээр, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг нь батлагдсан орон тоогоор нийт 59 эмч, эмнэлгийн ажилтан, 120 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас одоогоор батлагдсан орон тооноос 6 эмч, эмнэлгийн ажилтан дутуу байна. Мөн эмнэлгийн барилга нь анх сүрьеэгийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд удаан жилийн ашиглалтын хугацаанд хуучирч муудсан, шаардлага хангахгүй байгаа.
Тус эмнэлэг нь 2013 онд өссөн дүнгээр 14064 ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 2014 оны эхний 5 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор анги, албанаас орон нутгийн эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамрагдсан 535, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрагдсан 8155, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1857, ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1958, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, II, III шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 42, нийт 3857 ялтан байна гэв.
Мөн 2013 онд нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хорих анги, цагдан хорих байруудад хоригдож буй хоригдогч бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан өвчлөлийн судалгааг гаргахад цагдан хоригдож буй нийт хоригдогчдын 49.9 хувь буюу 653 нь, нийт ял эдлэгсдийн 77.1 хувь буюу 4920 нь архаг болон суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан тул нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар 460, бусад өвчтэй 2616 ялтныг 10 хоногийн хугацаатайгаар хэвтүүлэн эмчилж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч эмнэлгийн ачаалал, орны хүрэлцээнээс шалтгаалан 2000 орчим өвчтөн ялтан тухайн ондоо хэвтэн эмчлэгдэж чаддаггүй хэмээсэн.
Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний биеийн байдал, өвчнөөс шалтгаалж дотооддоо хийх боломжгүй шаардлагатай үзлэг, шинжилгээ, мэс заслын эмчилгээг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгалаас төлөх боломжгүй MRI, компьютерт томограффи зэрэг төлбөрт оношлогоо, эмчилгээнд зориулсан төсөв хөрөнгө байдаггүйгээс, ар гэрийн зүгээс анхаарал сул, эргэж тойрох хүнгүй, төлбөрийн чадваргүй 152 ялтны үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 10.6 сая төгрөгийг байгууллагын дотоод орлогоос болон төсвийн бусад зардлаас шийдвэрлэн оношлогоо, эмчилгээнд хамруулсан гэж мэдээлэлд дурдлаа.
Цаашдаа эрүүл мэндийн яамны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн эмнэлгүүдийг мэргэжил, арга зүйн удирдлага, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний сургалтын төлбөрийг төсвөөс шийдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлгийн стандарт шаардлагад нийцүүлэн барилга байгууламж барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэлээ.
Түүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийлээ.
Түүний мэдээлснээр, Комисс 2009-2013 он, 2014 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1979 гомдлыг хүлээн авсан байна. Үүнээс хөдөө, орон нутгийн болон Улаанбаатар хотод байрлалтай ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс 859 гомдол ирүүлсэн байна.
УИХ-ын гишүүд 461 дүгээр хорих ангид хүн амиа алдсан асуудлын талаар тодруулан лавлаж байла
2009-2013 оны байдлаар Комиссын гишүүний 62 шаардлага, 71 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд эдгээрээс есөн шаардлага, 14 зөвлөмжид хорих анги, цагдан хорих байруудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх талаар дурдсан байжээ.
УИХ-ын гишүүд 461 дүгээр хорих ангид хүн амиа алдсан асуудлын талаар тодруулан лавлаж байлаа. ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд хоригдож байсан иргэн Д.Амарсайхан гэнэт нас барсан явдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайн өдөр өмгөөлөгч нь уулзах хүсэлт тавьсан бөгөөд өмгөөлөгчөө хүлээж байхдаа ухаан алдан унасан тул үүрэг гүйцэтгэж байсан хянагч нь жижүүр эмчид мэдэгдсэнээр жижүүр эмч ирж, түүнд сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэхэд хэсэг хугацааны дараа ухаан орж сэргээд, цөөн үг хэлээд дахин ухаан алдсан байна. Эмч нар шаардлагатай тусламжийг үзүүлсэн боловч түүний амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа сэргэлгүй нас барсан ажээ.
Түүний мэдээлснээр, талийгаачид 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдох хугацаанд нийт найман удаа эмчийн үзлэг, хоёр удаа шинжилгээ хийж, хамгийн сүүлд 05 дугаар сарын 11-ний өдөр давхар хариуцсан эмч үзлэг хийхэд түүний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиургүй байсан ба хоригдогчийн зүгээс эмнэлэгт хэвтэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах талаар ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй аж. Хоригдогч нас барсантай холбогдуулан Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай алба хаагчид хариуцлага тооцох болно хэмээв.
Гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариултаа авснаар хуралдаан өндөрлөлөө