Израйль Улсын Элчин сайд Матан Вилнай-тай уулзав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.05.14

Израйль Улсын Элчин сайд Матан Вилнай-тай уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНХАУ-аас Монгол Улсад хавсран суугаа Израйль Улсын Элчин сайд ноён Матан Вилнай, түүнийг дагалдан яваа төлөөлөгчид болон Монгол Улс дах Израйль Улсын Өргөмжит консул Д.Амар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Вилнай эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүнд: Израйль Улсын нөхөн сэргээх мэс заслын эмч, профессор М.Топаз-ын нээсэн гэмтлийн болон чихрийн шижингийн гаралтай томоохон хэмжээний шархны эдгэрэлтийг түргэсгэх хүчилтөрөгч болон вакум эмчилгээний хосолсон шинэ арга технологийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар хамтран ажиллах болон Израйль Улсын нүдний мэс заслын эмч нарын баг Монгол Улсад ирж ажиллах саналтай байгаа тул энэ талаар харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. 

Сайд Н.Удвал шарх эмчилгээний энэхүү арга технологийг танилцуулах сургалтанд хамрагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч, мэргэжилтнүүд уг аргыг үр дүнтэй, эмчилгээний дэвшилтэт арга болохыг хүлээн зөвшөөрч, талархалтай хүлээн авсан болохыг мэдэгдээд цаашид түлэнхий, гэмтлийн шарх ихээр тохиолддог ГССҮТ-тэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.  

Нүдний мэс заслын эмч нарын баг ирж ажиллах санал дэвшүүлсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд, 2014 онд “Орбис” нүдний нисдэг эмнэлэг болон “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын баг Монгол Улсад ирж ажиллахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа тул Израйль Улсын нүдний мэс заслын эмч нартай Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй нүдний эмгэгийн чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа дахин илэрхийлээд, цаашид хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа нотлохын зэрэгцээ 2014 оны 6 дугаар сард зохион байгуулагдах “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-нд оролцохыг урьснаар уулзалт өндөрлөв.