Шадар сайд Д.Тэрбишдагва Ази, Номхон далайн бүсийн даргатай уулзлаа
Шадар сайд Д.Тэрбишдагва Ази, Номхон далайн бүсийн даргатай уулзлаа
2014.05.07

Шадар сайд Д.Тэрбишдагва Ази, Номхон далайн бүсийн даргатай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газрын Ази, Номхон далайн бүсийн дарга Фенгмин Кантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Ази, Номхон далайн бүс нутагт байгалийн гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн тоо бууж байгаа ч нийгэм эдийн засаг, байгаль экологид учруулах  хохирол нэмэгдсээр байгаа.  Манай улсын хувьд эрс тэрс уур амьсгалтай, байгаль цаг уурын өвөрмөц онцлогоос шалтгаалан Ази, Номхон далайн бүсэд төдийлөн тохиолддоггүй ган, зуд, хүн малын гоц халдварт өвчин  ой хээрийн түймэр ихээр тохиолддог.

Тиймээс гамшгийн эрсдийг бууруулах  үйл ажиллагааг  хөгжлийн бодлого, стратегид уялдуулан боловсруулах, ард иргэд олон нийтийн гамшгийн боловсролыг дээшлүүлэх мэдлэгийг эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн хүрээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах  түүнтэй тэмцэх арга хэмжээнд  идэвхтэй оролцож хамтран ажиллахад бэлэн  байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Фенгмин Кант гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулахад өндөр ач холбогдол өгч байгаад Шадар сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсад 2002 онд тохиолдсон зудын гамшгийн үеэр ирж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Тэр үетэй харьцуулахад төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд ч гамшгаас хамгаалах чадавхи, ойлголт ихээхэн сайжирсан нь анзаарагдлаа. Энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн яамдын удирдлагатай уулзсаны зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газартай “ Чадавхитай хотыг бий болгох”  хөтөлбөрийн хүрээнд хамтарсан сургалт зохион байгуулахаар тохиролцож чадсан гэлээ.

Мөн энэ үеэр  Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвыг ирэх зургадугаар сард Тайландын Вант улсад зохиогдох Гамшгийн аюулыг  бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хурал, 2015 оны 3 дугаар сард Япон улсад болох “Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн чуулган”-нд оролцохыг урьсан юм.  Уулзалтын төгсгөлд 2016 онд болох Азийн сайд нарын долоодугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.