Я.Санжмятав: Энэ онд 10 мянган оюутныг зуны амралтаар ажиллуулж цалинжуулна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.04.30

Я.Санжмятав: Энэ онд 10 мянган оюутныг зуны амралтаар ажиллуулж цалинжуулна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

- Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн системийн талаар ярихгүй юу?

Ажил хайгчид ажил олохын тулд хөдөлмөрийн бирж, хөдөлмөрийн хэлтэс, компаниудаар хөлөө эцтэл явдаг. Тиймээс Хөдөлмөрийн яам 2013 оноос эхлээд хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем байгуулах ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Эхлээд Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн хэлтсүүд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн тоног, төхөөрөмжийг шинэчилсэн.  Дараа нь бүх хэлтэс, төвүүд, яам хоорондоо хаанаас ч байсан мэдээлэл солилцох сүлжээг байгуулсан. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвийн мэдээллийн сантай холбож ажилтан олох, ажилтай болох гэсэн хүмүүсийн мэдээллийг цаг хугацаа, хөрөнгө мөнгө заралгүй олох нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл ажил хайгч, ажил олгогч нэг нэгнээ олохгүй төөрдөг явдал арилсан гэсэн үг.

Мэдээллийн баазыг ашиглаад ажил олгогч компаниудын хүний нөөцийн ажилтнууд шаардлагатай боловсон хүчнээ төвөггүй олох бололцоо бүрдсэн. Түүнээс гадна гадаадад сурч боловсроод эх орондоо ирж ажиллахаар зэхэж буй хүмүүс хэдэн сарын өмнөөс ажлын байраа захиалах боломж бий болсон.

- Ажлын байр олон байгаа ч ажилгүй хүмүүс бас олон байдаг. Уг мэдээллийн систем энэ зөрүүд нөлөөлж чадах болов уу?

Энэ систем хооронд нь мэдээлэл солилцуулахаас ч илүү ач холбогдолтой. Ажил олгогчдод чадамжтай хүмүүс хэрэгтэй байдаг. Тиймээс боловсролын байгууллага уг мэдээллийн санг ашиглаад ямар ажил олгогчид ямар мэргэжлийн хүн хэрэгтэй  байгааг эртнээс мэдэж тэр чиглэлээр нь мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Ажил олгогчид ч сургалтын байгууллагад мэргэжилтэн захиалан сургаж болно. Ямар сургууль, ямар мэргэжлээр хичнээн хүн төгсгөх тухай мэдээлэл тус мэдээллийн санд нээлттэй байдаг учир ажил олгогч жил юм уу сарын өмнөөс ирээдүйн боловсон хүчнээ сонгох зам нээгдэнэ гэсэн үг.

- Оюутны хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар ажлууд хэрэгжиж байна вэ?

Жилд 36-37 мянган оюутан их, дээд сургууль төгсч байна. 20 гаруй мянган хүн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсдөг. Тэднийг ажилтай болгохын тулд захиалгат ажлын байрны тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Хөдөлмөрийн судалгааны институт судалгаа явуулж уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилга, ложистикийн салбарт боловсон хүчин хэрэгтэй байгааг тогтоосон.  Тиймээс хүүхдүүдийг энэ чиглэлээр суралцахад дэмжих, ажлын байрыг нь бэлдэх хэрэгтэй болоод байна.

Мөн оюутнуудыг суралцаж байх явцад нь хөдөлмөр эрхлүүлэх ажлуудыг хийж байна. Тухайлбал энэ жил 10000 оюутныг зуны амралтаар нь ажиллуулах төлөвлөгөө гаргасан. Голдуу бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулна. Ингэж ажилласан оюутнуудыг цаад компани нь цалинжуулахаас гадна 30-45 хоног ажилласан бол улсаас нэмж 200 мянган төгрөг өгнө. Энэ бол оюутнуудыг аль болох эзэмшиж буй мэргэжлээр нь ажиллуулах, дадлагажуулах төрийн бодлого.