МЗХ-ны Ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудыг зорилоо
Монголын Залуучуудын Холбоо
2014.04.27

МЗХ-ны Ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудыг зорилоо

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчдийн Зүүн өмнөд азийн орнуудын айлчлал Тайланд улсаас эхэлж байгаа бөгөөд өчигдөр Бангкок хотноо тус улсын Хүүхэд Залуучуудын Хөгжлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн дарга, Зүүн Өмнөд Азийн Орнуудын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Шрисак Тай-Арее болон Хүүхэд, залуучууд, хөгшид, эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалах төвийн дарга зэрэг төрийн залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагуудтай уулзсан байна.

Айлчлалын хүрээнд  Тайланд, Лаос, Сингапур, Малайз зэрэг улсуудын залуучуудын байгууллагын удирдлагууд болон Азийн Залуучуудын Зөвлөл, Дэлхийн Залуучуудын Ассемблейн ерөнхийлөгч нартай уулзаж, Монгол Улсад ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Азийн Залуучуудын Чуулган”-ы зохион байгуулалтын талаар мөн цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

МЗХ нь 1993 онд  Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөлд албан ёсны гишүүн байгууллагаар элссэн бөгөөд ОУ-ын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж, өнгөрсөн онд ӨМӨЗО-ны Залуучуудын Холбоо, Бүх Хятадын Залуучуудын Холбоо, Солонгосын Залуучуудын Холбоо зэрэг залуучуудын байгуулагуудтай нягт уялдаатай хамтран ажиллаж байгаа юм.