Д.Ганбат: Хууль зүйн сайд хүн  ингэж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.04.25

Д.Ганбат: Хууль зүйн сайд хүн ингэж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбат  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн нэг. Энэ талаар түүнээс цөөн зүйлыг тодрууллаа.

-Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр та Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг яагаад дэмжсэн юм бэ?

-Хууль зүйн байнгын хороо О.Баасанхүү гишүүний өргөн барьснаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Яригдсан асуудлууд цөөнгүй бий. Зарим нэг асуудлуудыг нь сэтгүүлчдэд хэлж болохгүй. Х.Тэмүүжин сайд хууль зүйн салбарт шинэчлэл хийх гэж байгаа нь үнэн. Гэхдээ шинэчлэлийг ганц хүн хийхгүй, намтайгаа хамтдаа хийх ёстой.

-Х.Тэмүүжин сайдын огцрох үндэслэлийг та яаж дүгнэсэн бэ?

-Нэгдүгээрт Хууль зүйн сайд хүн бол хаана ч байсан хууль ёсыг биелүүлж байх ёстой. Дэлхийн аль ч улсад Монгол улсын нүүр царай болж тухайн улсын хууль дүрмийг биелүүлж байх ёстой. Зөвхөн ингэж ярихаас гадна өөрөө үлгэр дууриал үзүүлдэг байх ёстой. Залуу хүн алдаж, оносон юм байх шиг байна гэж үзэж байна.

-О.Баасанхүү гишүүний өгснөөс өөр үндэслэлээр огцруулж байгаа гэж ойлгож болох уу?
Дэлхийн аль ч улсад Монгол улсын нүүр царай болж тухайн улсын хууль дүрмийг биелүүлж байх ёстой

-Өмнө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд материалтай танилцах хэрэгтэй байна гээд хойшлуулсан. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гишүүд материалтай танилцсан. Хамгийн гол үндэслэл нь Хууль зүйн сайд, хуульч хүн бол дэлхийн хаана ч хуулийг биелүүлж дагаж мөрдөж явах ёстой гэдэг л байгаа юм.

-Хууль зүйн сайд үүргээ биелүүлээгүй ямар үндэслэлүүд байна вэ?

-Ил байгаа нь хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн асуудал байна. Энэ асуудлаараа Канад улсын хуулийг зөрчсөн байгаа юм. Канад улсын хуулийг зөрчинө гэдэг чинь тэр улс дахь манай Элчин сайдын яам, тус улсад байгаа монгол иргэдийн эрх, цаашлаад хоёр улсын хоорондох найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.Хувь иргэд бол өөртөө ашигтай байдлаар ямар нэг ийм үйлдэл хийхийг үгүйсгэхгүй. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн бол ингэж болохгүй.

-Таньтай адилхан саналтай хүн АН дотор олон байгаа юу, ерөнхийдөө нам дотор саналаа нэгтгэж чадахгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Ямар ч байсан өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр санал өгсөн. Цаашдаа мэдээлэл тодорхой болохоор харах байлгүй дээ.