Төрийн үйлчилгээг хорооноосоо авдаг боллоо
Төрийн үйлчилгээг хорооноосоо авдаг боллоо
2014.04.25

Төрийн үйлчилгээг хорооноосоо авдаг боллоо

Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай хүргэх ажлын хүрээнд зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг хороодод шилжүүллээ.

Тухайлбал, гэрлэлтээ бүртгүүлэх, гэрлэлт сэргээх болон цуцлах, хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ дахин авах зэрэг үйлчилгээг авахын тулд 100 айл руу явж “зуун зовлон” үзэхгүй. Дээрх үйлчилгээг хэтрүүлж хэлбэл бараг л гэрээсээ авдаг болж байгаа хэрэг.

Энэ ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлээд байгаа “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагын дагуу нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд өчигдрөөс Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар-13, Баянзүрх-7, Хан-Уул-12, Чингэлтэйн зургаа нийт 50 хороо улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулж эхэллээ.

Харин нээлтийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн VIII хороонд хийж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн удирдлагууд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга оролцсон юм. Тус хороо Яармагийн эцэст байрладаг. Тус хорооныхон иргэний үнэмлэхээ дахин авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг үйлчилгээ авахдаа XIX хороолол юм уу, 100 айл явах шаардлагагүй боллоо. Тэд харъяа хороондоо хандаад л дээрх үйлчилгээгээ авчихна.

Өчигдрийн арга хэмжээний үеэр шинээр гэр бүл болсон С.Сансар- Өлзий, Ж.Мөнхсайхан хоёрын гэрлэлтийн гэрчилгээг хорооны удирдлагууд нь гардуулж шинэхэн хосуудад аз жаргал ерөөсөн. Харин нээлтийн арга хэмжээнд оролцсон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эхний ээлжид иргэдэд нэн шаардлагатай таван үйлчилгээг үзүүлж байгаа боловч энэ ондоо багтаан 20 болгон нэмэгдүүлнэ.

Хорооныхон иргэний үнэмлэхээ дахин авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг үйлчилгээ авахдаа XIX хороолол юм уу, 100 айл явах шаардлагагүй боллоо.

Цаашдаа эд хөрөнгийн болон Хуулийн  этгээдийн бүртгэлийг ч хороондоо хийлгэдэг болно” гэж иргэдэд хандан хэлсэн.Мөн ойрын 2-3 жилд багтаан нийслэлийн бүх дүүрэгт дээрх үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Одоо интернэтийн холболт, кабель тавих зэрэгт бэлтгэж ажлаа базааж байна.

Нийслэл 152 хороотой, 180 мянга орчим өрхтэй гэвэл нийт хүн амын гуравны нэг хэсэгт нь ийнхүү төрийн үйлчилгээг ойртжээ. Энэ хирээр замын түгжрэл багасах, автобус унааны мөнгө хэмнэх, гэр бүлдээ зарцуулах цаг нэмэгдэх гээд эерэг үр дүн их гарах нь ойлгомжтой. Нэмж хэлэхэд, эд хөрөнгийн маргаангүй, 18хүртэлх насны хүүхэдгүй хүмүүс гэр бүлээ цуцлуулахдаа хороондоо хандана.

Аливаа маргаан байвал харин эхлээд шүүхээр шийдүүлэх шаардлагатай. Салсан байсан эхнэр нөхөр хоёр дахин нийлж байгааг гэрлэлт сэргээх гэж нэрлэдэг бөгөөд бүртгэлийг хороондоо  хандаад  хийлгэж болох ажээ. Иргэний үнэмлэхээ шинээр авахаас бусад тохиолдолд хороогоо зориход хангалттай юм  байна