Д.Батцогт: УИХ-ын гишүүний үг хариуцлагатай байх ёстой
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.21

Д.Батцогт: УИХ-ын гишүүний үг хариуцлагатай байх ёстой

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн гишүүн Д.Батцогт бүлгээсээ татгалзаж байгаа тухай өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ. Засгийн газрын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах тухай асуудалд "Шударга ёс" эвсэл ямар байр суурьтай оролцох тухай хэлэлцэх үеэр багагүй маргаан өрнөсөн аж. Д.Батцогт гишүүн ямар шалтгаанаар бүлгээсээ гарах санал гаргаад байгааг тодрууллаа.

-Та "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн байхаас татгалзсан байна. Яагаад бүлгээсээ гарахаар шийдэв?

-Эвслийн бүлгийн өчигдрийн хурал дээр миний бие зарим асуудалд шүүмжлэлтэй хандсан юм. Тодруулбал, бүлгийн гишүүд аливаа асуудалд шударга байх ёстой. Энэ тухай үндэслэлийг бүлгийн хурлын үеэр хэлээд бүлгээс гарч, бие даасан гишүүн болох гэж байгаагаа удирдлагууддаа илэрхийлсэн. Албан ёсоор бүлэгт хандсан зүйл байхгүй ч хурлын үеэр хэлэхийн хувьд хэлсэн байгаа. Зөвхөн ганц асуудлаас болж, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан гэж бодохгүй байна. Миний хувьд хоёр жилийн хугацаанд аливаа асуудалд гадагшаа гаргадаггүй ч бүлэг дотроо шүүмжлэлтэй, хатуу ханддаг байсан.

Олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. Гол нь надад итгэл үнэмшлээ өгч, аливаа асуудалд шударга, зарчимч байр сууриас хандаасай гэж сонгогчид маань намайг сонгосон байх. Цаашид өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байр сууриа илэрхийлээд, саналаа өгөөд явна.

-Бүлгээс гарах тухай өргөдлөө албан ёсоор хэзээ өгөх вэ?

-Ирэх долоо хоногт өгчих болов уу.

-Эвслийн бүлгийг бусад улс төрийн хүчинтэй тохиролцох байдлаар асуудалд ханддаг гэж та шүүмжлэлтэй хандажбайгаа юм биш үү. Энэ нь таныг бүлгээс гарах шалтгаан болсон гэх мэдээлэл байна л даа?
Нэг их тодруулж яримааргүй байна, цаг хугацаа бүгдийг харуулах байх.

-Ер нь бол олон учир шалтгаан байгаа. Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй яримааргүй байна.

-"Шударга ёс" эвслийн бүлэг өөр хоорондоо таарамж муутай, тэр дундаа МҮАН-ын гишүүд эвслийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа гэх хүмүүс байна?

-Ер нь бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэгсгээд л ажилласан шүү дээ. Нэг их тодруулж яримааргүй байна, цаг хугацаа бүгдийг харуулах байх. УИХ-ын гишүүний хувьд санаачилсан хуулийн төсөл, бусад хуульд санал бодлоо илэрхийлээд явна.

-Таныг бүлгээсээ гарахаар шийдсэнтэй зэрэгцээд "Д.Батцогт гишүүн өөр намд элсэх нь" гэсэн мэдээлэл байна...

-Бүлгээс гарсан, бүлгийн хуралд суухгүй. Тэглээ гээд өөр намд элсэнэ гэсэн үг биш. Ер нь бол бүлэг гэдэг гишүүдийн сайн дурын нэгдэл байдаг гэж би боддог. Тиймээс өөрийн бодол өөртөө зөв.

-"Шударга ёс" эвслийн дарга Н.Батцэрэг даргын зүгээс таныг "Тухайн үеийн бухимдал, сэтгэл хөдлөлөөс болж бүлгээс гарах тухай хэлсэн байх" гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа?

-УИХ-ын гишүүний үг хариуцлагатай байх ёстой.