Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.04.07

Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд хатагтай Ли Бин-ы урилгаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн арга Д.Нарангэрэл, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн БТуяа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцов.

 Сайд Н.Удвал БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд хатагтай Ли Бин-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтын эхэнд хоёр улсын эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, амжилттай хэрэгжсэн үйл ажиллагаануудыг онцлон тэмдэглэж, хэрэгжилт удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. 

Үүний дараагаар талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар харилцан ярилцлаа. БНХАУ нь эрүүл мэндийн салбарт бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмийн бүртгэл, зохицуулалтыг сайжруулах, үндэсний түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг гурван үндсэн чиглэлээр шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулав.

Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үндэсний төв болон Хятад Улсын Халдварт өвчний хяналтын төв (CDC) хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсад Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлийн бодлогыг дэлгэрэнгүй танилцуулсны дараагаар хоёр тал цаашид эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, анхан шатны тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, халдварт өвчний хамтарсан тандалт судалгааг сайжруулах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр харилцан мэдлэг, туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

 Мөн энэ үеэр халдварт өвчний чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, ижил төстэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, тухайлбал Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үндэсний төв болон Хятад Улсын Халдварт өвчний хяналтын төв (CDC) хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулан шууд хамтын ажиллагаа бий болгож, халдварт өвчний талаар харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан хурал зөвлөгөөн зохион байгуулах, эмч мэргэжилтнүүд харилцан солилцох үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов.

 Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд уламжлалт анагаах ухаан чухал байр суурь эзэлдгийг онцлоод энэ чиглэлд мэргэжилтнүүдийн харилцан солилцоог нэмэгдүүлэх, туршлага судлахад хоёр тал улам бүр идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

 Айлчлалын үеэр төлөөлөгчид Бээжингийн анагаах ухааны их сургууль, Хятадын анагаах ухааны их сургуулийн харьяа Иргэний Нисэхийн төв эмнэлэг, Гуан-ан-мэнь уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Хятадын халдварт өвчний хяналтын төв (CDC) зэрэг байгууллагуудаар зочилж тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцав.

 Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Хятадын Иргэний нисэхийн төв эмнэлэг хооронд шууд хамтын ажиллагаа бий болгон телемедицины сүлжээгээр дамжуулан эмч мэргэжилтнүүдэд зориулж теле-зөвлөгөөн, теле-сургалт зохион байгуулж байхаар харилцан тохиролцлоо.