С.Бямбацогт: Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ байх уу, үгүй юү гэдэг асуудал аяндаа яригдана
Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ байх уу, үгүй юү гэдэг асуудал аяндаа яригдана
2014.04.15

С.Бямбацогт: Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ байх уу, үгүй юү гэдэг асуудал аяндаа яригдана

МАН-ын бүлэг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит хуралдаанаараа Монголын банкны холбоо болон зарим арилжааны банкны удирдлагуудын мэдээллийг сонсчээ. Монголын банкны холбооны удирдлагууд Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд гадаадын банкны салбарыг оруулж ирж арилжааны банкуудтай өрсөлдүүлэх тухай заалт оруулсан талаар мэдээлжээ.

Үүнийг хэрэгжүүлсэн тохиолдолд арилжааны банкуудад эрсдэл үүснэ гэдгийг тэд онцолсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү муудахад Засгийн газрын алдаатай бодлого нөлөөлсөн гэдгийг ч хэлсэн байна.

МАН-ын бүлэг Монголын банкны холбоо болон зарим арилжааны банкны удирдлагуудын мэдээллийг сонсоод Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхдээ Монгол банкны удирдлагын мэдээллийг сонсч, асуудлыг тал бүрээс нь судалж нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ. Мөн тус намын бүлэг дараагийн хуралдаанаараа томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын санал бодлыг сонсохоор болжээ.

Төсвийн тодотголыг боловсруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан. Улмаар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж дүгнэлт гарган ажиллахаар болжээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол гишүүн царцаасан төслүүдийн санхүүжилтийг шийдэх асуудлаас яагаад завсарлага авсан шалтгаанаа танилцууллаа. Тэрээр “2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-аас баталсан 60 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг хэрэгжээгүй. Тухайлбал, энэ тогтоолын 1.3-т “Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг УИХ баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж 2012 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн заалт хэрэгжээгүй.

Парламентын ардчилал устаж, зөвшилцөл үгүй болсон, олонхиороо хүч түрж хуулийг уландаа гишгэдэг болсон.

Энэ заалтын дагуу яамдын төлөөлөл орон нутагт ажиллаж тухайн орон нутагт төсвийн хөрөнгөөр хийх шаардлагатай төслүүдийн захиалгыг авсан. Гэвч үүнийгээ ажил болгохгүй байна. Гишүүд тойрогтоо ажиллахаар иргэд “Засгийн газар биднээс авсан саналаа ажил болгохгүй байна. Манайхаас авсан саналаа төсөвт тусгасангүй” гэсэн гомдол мэдүүлж байгаа.

Түүнчлэн 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан төслүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжүүлэх хугацаа удааширсан шалтгааныг тогтоож дөрөвдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх үүргийг УИХ-ын 63 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн ч биелүүлээгүй. Гэтэл хугацаа хэтэрсэн хойно нь Төсвийн байнгын хороо аудитын дүгнэлтийг үндэслэн тогтоолын төсөл боловсруулж УИХ-д оруулж ирж байгаа нь Төсвийн хууль зөрчиж байна. Тийм учраас МАН-ын бүлэг завсарлага авсан” гэв.

Төсвийн тухай хуулийн 9.1.2- т “УИХ зөвхөн төсвийг батлах үүрэгтэй бөгөөд төсвийг төлөвлөх, төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх асуудал нь Засгийн газрын чиг үүрэг” хэмээн заасан байдаг ажээ. Гэтэл Төсвийн байнгын хороо гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх чиг үүргийг ажлыг хариуцаж байгаа нь Төсвийн тухай хуультай хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Мөн Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэггүй болсны бодит жишээ нь Төсвийн хуулийг дагалдаж гарсан УИХ-ын 60, 63 дугаар тогтоол гэж дүгнэсэн байна.

МАН-ын бүлгийн удирдлагууд ийнхүү мэдээлэл хийсний дараа тус бүлгийн дарга С.БЯМБАЦОГТ-ООС дараах тодруулгыг авлаа.

-Хэрвээ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараах санал гаргах хэрэгтэй гэж танай бүлгийн гишүүд өмнө нь мэдэгдэж байсан. байсан. Энэ асуудал бүлгийн хурал дээр яригдсан уу?

-Улс орны эдийн засгийг доройтуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлыг үе шаттай ярина. Эхний ээлжинд хууль эрх зүйн асуудлаа шийднэ. Цаашлаад Монголбанк, УИХ-ын асуудал яригдана. УИХ ажлаа хуулийн дагуу явуулах чадамж байна уу, үгүй юу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Парламентын ардчилал устаж, зөвшилцөл үгүй болсон, олонхиороо хүч түрж хуулийг уландаа гишгэдэг болсон.

Сөрөг хүчний бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, “давхар дээл”-тэй гишүүд 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. Энэ бүх ажилдаа түүртэж яваа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ байх уу, үгүй юү гэдэг асуудал аяндаа яригдана