Г.Баярсайхан НҮБ-ын төлөөлөгчидтэй байгаль орчны асуудлаар уулзлаа
Г.Баярсайхан НҮБ-ын төлөөлөгчидтэй байгаль орчны асуудлаар уулзлаа.
2014.03.28

Г.Баярсайхан НҮБ-ын төлөөлөгчидтэй байгаль орчны асуудлаар уулзлаа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн төвийн зөвлөх Пол Стийл, Уул уурхайн салбар, хүний хөгжил хариуцсан зөвлөх Николас Бут тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар Уул уурхайн тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар санал солилцжээ. Энэ үеэрАзи номхон далайн бүсийн төвийн зөвлөх Пол Стийл  "Монгол Улс уул уурхайн бодлогоо тогтвортой хөгжүүлснээр хүний хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж ажиллах уу. Үүнд манай байгууллагын зүгээс ямар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр нь уул уурхайн тогтвортой хөгжлийн асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна" гэдгээ илэрхийлжээ.

 Мөн  уул уурхайн үйл ажиллагаа явуулах, хайгуул болон олборлолтын лиценз олгоход сум, дүүргийн иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоог хангах, тэднийг идэвхжүүлэхэд Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ажиллах саналтай байгаагаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид дуулгав. Энэ саналыг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан таатай хүлээн авч, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлээд "Уул уурхай бол Монголын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар. Гэхдээ уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь өөрөө  байгаль орчинд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Иймд иргэд хяналтаа тавьж, чухал үүрэгтэй оролцох ёстой" гэсэн юм.