Турк улсын элчин сайдын яамтай хамтран ажиллана
Турк улсын элчин сайдын яамтай боловсрол, барилга, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Тунжэр Кыяк МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар боловсрол, аялал жуулчлал, барилгын салбарт хамтран ажиллах талаар уулзлаа.
Энэ 3-р сарыг дуустал 2014 оны Турк улсад магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн бүртгэл явагдах бөгөөд МЗХ-оос өөрийн сошиал медиа сувгаараа энэхүү мэдээллийг түгээж оюутан залуусын солилцооны хөтөлбөрт Монголын залуучуудыг хамруулахад хамтран ажиллах юм байна.
МЗХ-ны ерөнхийлөгч “Туркийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол залуучуудад таниулах соёлын арга хэмжээг МЗХ-ны дэргэдэх клубуудээр дамжуулан хэрэгжүүлэх нь хоёр орны залуучуудыг ойртуулахад дөхөм болно хэмээгээд залуучуудын орон сууцны хөтөлбөрт туркийн барилгын компаниудтай хамтран ажиллах боломжуудыг судална” гэлээ.
Аялал жуулчлалын салбарт Турк улс тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд МЗХ-оос Turkish Airlines болон бусад дотоодын болон гадаадын нислэгийн компаниудтай уулзаж “Монгол залуу” хөнгөлөлтийн тарифын үнийн саналыг хүргүүлсэн юм. Туркийн талтай монголын залуучуудад зориулсан аялалын шинэ маршрутуудыг бий болгоход МЗХ-ны дэргэдэх Аялал Жуулчлалын Корпораци ажиллах юм байна. Цаашид залуучуудыг дэмжих, хөгжүүлэхэд хамтарч ажиллах болно гэдгээ хоёр тал онцоллоо.