Х.Тэмүүжин: Миний асуудлыг шийддэг хүний “но”-г олчихвол “Би албан тушаал дээрээ үлдэнэ” гэж боддог хүмүүс байна
Х.Тэмүүжин сайд энэ сарын 29-ний өдөр “Ийгл” телевизийн “9:1” хэлэлцүүлэгт оролцон Хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна.
-Цагдаагийн албаны тухай хууль өнгөрсөн жил батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бүтэц, зохион байгуулалтад нь ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Цагдаагийн албаны тухай хууль гэж хэлж болохгүй. Хууль тогтоох байгууллагыг гурван чиглэлд хуваасан. Энэ шинэчлэлийг хэд хэдэн чиглэлээр хийж байна.
Тодруулбал бүтэц, зохион байгуулалт, арга барил, үйл ажиллагаа болон эрх зүйн статусыг тодорхойлох бас нэг шинэчлэл явж байна.
Бусад орнуудын туршлагаар бол эхлээд зохион байгуулалт, эрх зүйн статустай холбоотой шинэчлэлийг эхлүүлдэг. Дараа нь хэрэгт хэрэглэдэг болон үйл явцын хуулиудыг явуулж байж амжилтад хүрдэг.
Тиймээс бид олон улсын энэ жишгийг харж хийхгүй, зөрөөд байвал шинэчлэл өөрөө унаж магадгүй учраас эхний ээлжинд ийм зохион байгуулалтыг хийж байгаа.
Өөрчлөлт шинэчлэл хийхэд явагддаг таван алхам гэж бий. Гэхдээ аливаа шинэчлэлийг хийхэд хамгийн гол зүйл нь зорилго өөрчлөх. Би цагдаагийн хуулийг дангаар нь өргөн бариагүй. Тахарын алба, мөрдөх алба, цагдаа, гэрч, хохирогчийг хамгаалах гээд тухайд үед блок, багц хууль явсан.
Гэхдээ зарим нь батлагдаад, зарим нь УИХ дээр хэлэлцэгдээд үлдсэн. Бид хуучин хүчний байгууллага гэдэг нэрийн дор нэгдсэн зохион байгуулалттай, ихэнх тохиолдолд хаалттай тогтолцоотой байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллага хүчний байгууллага байж болохгүй юм байна. Хууль сахиулах байгууллага руу хууль тогтоодог, хуулийг дээдэлдэг, хуулийг хамгаалдаг тэр чиглэл рүү өөрчлөх хэрэгтэй. Цэрэгжсэн зохион байгуулалтаар үүнийг хийхгүй, иргэнших ёстой юм байна. Дээр нь хаалттай байхаас илүүтэйгээр иргэдэд хянуулдаг, олонд үйлчилдэг болох хэрэгтэй гэж үзээд зорилгоо өөрчилж байгаа.
Зорилго өөрчлөгдөхөөр түүнийг дагаад чиг үүрэг өөрчлөгдөнө. Өмнө нь энэ зорилгоор ийм чиглэлээр хэрэгжүүлдэг байсан бол одоо шинэ зорилгыг шинэ чиглэлээр хэрэгжүүлнэ. Цагдаагийн албаны хууль дээр ярихад гэмт хэрэгтэй тэмцэнэ, олон нийтийн аюулгүй байдлыг хангана, хэв журам сахиулна шүү гэдэг чиг үүргийг энэ байгууллага хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа.
Ингэхээр гурав дахь шинэчлэл хийгдэнэ. Тэр нь зохион байгуулалт. Яагаад гэвэл хуучин зорилго, чиг үүрэг хэрэгжүүлж байсан зохион байгуулалт шинэ зорилго, чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй. Эхний энэ гурван чиг үүргийг хэрэгжүүлэхэд их хялбар гэж ярьдаг. Яагаад гэвэл хүмүүсийн нүдэнд тодорхой харагддаг. Нөгөөтэйгүүр энэ зорилгыг хууль батлаад, зохион байгуулалт хийх замаар шийддэг.
Харин дөрөв болон тав дахь алхамыг харвал хандлага, арга барил, харилцааг өөрчилж, тэр нь шинэ соёл үүсгэнэ гэж байгаа. Энэ хоёр үе шат бол үндсэндээ хүнтэй “ноцолдоно” гэсэн үг. Сая бол хууль болон байгууллагатай нь “ноцолдсон”. Гэхдээ хүнтэй “ноцолдоно” гэдэг нь тэр бүр ил харагдахгүй. Тухайлбал та ингэж ажиллаж болохгүй гээд өөрөөр нь оролдоно гэсэн үг. Тэгэхээр дөрөв, тав дахь шатнаас эхлээд эсэргүүцэл бий болно. Эхлээд чиг үүрэг, зорилго, бүтцийг шинэчилнэ гэхээр олон нийт дэмжинэ. Харин тухайн байгууллага дотор байгаа хүмүүст эргэлзээ үүснэ.
Гэхдээ эхний гурван шатанд өөрөөр нь оролдохгүй болохоор баярлаад дэмжинэ. Харин сүүлийн шатуудад надаар оролдоод байна шүү дээ гээд эсэргүүцэл үзүүлж, цаашлаад тэмцэл бий болно. Зарим тохиолдолд би юу хийгээд байна аа гээд гутрах ч тохиолдол бий. Тэр үе шат дуусчихвал аажмаар хүлээн зөвшөөрч эхэлнэ. Өөрийгөө энэ шинэчлэлийн тогтолцоонд олоод харчихвал ингэж ажиллавал болох юм байна гээд шинэчлэлээ дэмжинэ. Тэгэхээр нэг өсөөд, буцаж унаад, эргээд босох процессоор өөрчлөлт явж байгаа.
-Гэхдээ энэ үйл явц их удаан байна уу?
-Мэдээж олон нийт анзаарсан бол өсөлтийн эхний процессоор гурван жил болсон. Одоо харилцаа, арга барил өөчрлөх шинэчлэл рүү ороод ирэхээр яах аргагүй эсэргүүцэлтэй тулж байна. Зарим хэсэг нь айж, болгоомжилж байна. Нэг хэсэг нь тэмцлийн хурц хэлбэр рүү ч орж байна. Энэ бол байх л үзэгдэл. Ямар хүн байхаас шалтгаалаад аль ч байгууллагынхан өөрчлөлтөд амархан дасдаггүй шүү дээ. Энэ өөрчлөлтөд буруутгал гэж зүйл бий. Энд хоёр талын буруутгал орж ирж байгаа.
Зарим хүн “би хоцрогдсон байна” гэх зэргээр өөрийгөө буруутгаж байна. Харин нөгөө хэсэг нь “энэ зүйлийг хэн сэдээд байна аа. Яах гэж үүнийг хийх гээд байна” гээд буруутныг хайдаг. Нэг ёсондоо хоёр үзүүртэй. Өөрийгөө буруутгаж байгаа хэсэг нь шинэчлэлийн үйл явцад зохицоод, хөгжөөд явчихна. Нөгөө хэсэг нь нэлээн зөрчилд орж, сүүлдээ хонзогнох, дайсагнах хэмжээнд очно. Тэгэхээр өөрчлөлт, шинэчлэл хүссэн хүсээгүй ийм хоёр талтай. Зарим нэг хэсэгт таалагдахгүй, нөгөөд таалагддаг. Гэхдээ энэ бол процесс, байгууллага доторх үйл явц. Харин гадна байгаа нийгэм шинэ зүйлийг хүсч байгаа.
Хаана ч цагдаагийн байгууллагаас шаардаж байгаа үйлчилгээ сэтгэлд хүрэхгүй, хүртээмжгүй байна гэдгийг хэлнэ. Мөн орон нутагт цагдаа нар нь орон тоо цөөн, хүн хүч хүрэлцэхгүй байна гэх зэргээр өөрсдөө бухимдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг дохиог өгч байгаа юм. Гэхдээ өөрчлөлтийн процесс бол хүнд, хэцүү.
-Таны хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн хүрээнд хуульчид хоёр хэсэг хуваагдчихлаа. Зарим нь байх ёстой зүйл гэсэн байр суурьтай. Харин нөгөө хэсэг нь энэ бол ерөөсөө шинэчлэл биш, бужигнаан болж хувирлаа гэж байна. Хүчний байгууллагууд хэн нь хаана юу хийхээ мэдэхээ больчихсоноос болоод иргэд хохирлоо гэх гомдол хэлж байна. Мөн цагдаагийн удирдлагууд ч гэсэн таньтай үл ойлголцож, зөрчилдөж байна гэсэн яриа байгаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?
-Энэ бол шинэчлэл хийхэд болдог л үзэгдэл. Шинэчлэлийн үед хамгийн хүчтэй, сөрөг эффект гарч ирдэг салбар бол цэрэг, цагдаа. Яагаад гэвэл бодит эрх мэдэл, илүү нарийн зохион байгуулалттай, угаасаа хаалттай байсан учраас тэр. Харин эдийн засгийн гэх мэт өөр салбар байсан бол сөрөг зүйл багатай явчихдаг. Тэгэхээр цагдаагийн удирдлага орон нутагт ажиллаж байгаа бүтэц рүүгээ шинэ хууль тогтоомж, арга барил, бүтцээрээ сургалт зохион байгуулах хэрэгтэй.
Хуулийн салбарын шинэчлэл 1992 оны Үндсэн хуулиас эхэлсэн.
Мэдээлэл түгээх шаардлагатай. Тэгэхгүй бол энэ шинэчлэлд хэн ч бэлэн биш байгаа. Энэ зун бүхэлдээ хуулийн байгууллага, цагдаа тэр дундаа хууль сахиулах байгууллагынхны хувьд сургалтаар буцалж байх ёстой. Тэгж байж л үл ойлголцол, айдас, болгоомжлол арилна. Тэгэхгүй бол одоо манай хууль сахиулах байгууллагынхан ирээдүйд ирэх өөрчлөлтөөс өөрийгөө олж харахгүй байна. Үүнээсээ болоод зөрүүдлэнэ, эсэргүүцнэ, бүр үл тооно.
Жишээ хэлэхэд змын цагдаад нэг иргэн гомдол гаргасан байна лээ. Яасан гэхлээр тэр иргэн замын цагдаа надтай ёс зүйгүй харьцлаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд “наад асуултаа тэр сайддаа тавь” гэсэн байна лээ. Энэ бол үйл ажиллагаа, албан тушаалаараа эсэргүүцэх гэж оролдож байгаа явдал. Гэхдээ энэ үйл явц зөвхөн Монголд тохиож байгаа юм биш. Үүнийг шийдэх арга зам нь хийж буй өөрчлөлтөө хүмүүст хоногшуулахын тулд олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулахад байгаа. Тэгэхгүйгээр энэ эсэргүүцлийг улстөржүүлээд, өдөөгөөд байвал бид буцаад унана. Одоо бидний шилжилтийн торгон үе ирчихээд байна.
-Шинэчлэл яг хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Хуулийн салбарын шинэчлэл 1992 оны Үндсэн хуулиас эхэлсэн. Үндсэн хууль батлагдаж, түүнтэй холбогдон бусад бүх хууль, тогтоомжуудыг шинэчлэх гэхэд бидэнд том бэрхшээл гарсан. Тухайн үед тийм том шинэчлэл хийх мэдлэг, туршлага дутуу байсан. Тиймээс үүнийг яаж хийх вэ гээд шинэ зах зээл, ардчилал, хуулийн засаглалыг хэрхэн суулгах вэ гээд маш олон судалгаа хийж эхэлсэн. Энэ хүрээнд 1996-2000 онд шүүх, хуулийн байгууллагуудын том шинэчлэлийн концессуудыг гаргасан. Үүний үндсэнд шинэ хуулиуд бичигдсэн. Эдгээрийн эхний хэсэг нь 2002 онд батлагдсан. Тэр үедээ судалгаа болон саналуудад тандалт хийгээд, нийгэм хүлээж авахад бэлэн биш байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс тухайн үедээ одоо хоёроос гурав алхая. Дараа цаашаа явья гэх зэргээр удаан хугацааны бодлого боловсруулсан. Гэхдээ өмнө нь байсан хүмүүс ийм эрс шинэчлэл хийхээс айж, болгоомжилж байсан. Одоо бол энэ Засгийн газар зоригтой алхам хийсэн.
-Процессийн хуулиа гаргаагүй байж бүтэц рүү детальчлаад орчихлоо гэх шүүмжлэл бас байгаа. Үүнийг юу гэх вэ?
-Энэ бол сонголт шүү дээ. Үе шат гэж дээр хэлсэн. Зохион байгуулалт хийгээгүй байж процессийн хууль хийчихвэл процесс баталсан ч дараагийн зохион байгуулалт хойшлуулж, дараагийн хууль үйлчлэхийг хүлээнэ гэсэн үг. Ерөнхийдөө бид нэг жил хожиж байгаа юм. Энэ нэг жилийг хожихын тулд бусад бүх улс орон эхлээд зохион байгуулалтыг хийж байна. Үнэхээр л концефц тодорхой байгаа бол эхлээд зохион байгуулалт хийгээд, боловсон хүчнээ бэлдэх ёстой.
-Одоо хийгдэж байгаа энэ шинэчлэл ямар улсынхтай илүү төстэй болж байгаа вэ?
-Маш олон судлаач Х.Тэмүүжингийн явуулж байгаа шинэчлэл АНУ маягийнх байна гэж шүүмжлээд байгаа. Энэ бол АНУ-ынх биш. Гэхдээ зөвхөн энэ зохион байгуулалттай шинэчлэл бол Ром, Германы тогтолцоо. Бид ганцхан тохиолдолд Англи, АНУ-аас элемент авах гэж байгаа. Тэр нь процессийн хууль юм. Харин удахгүй өргөн барих гэж байгаа эрүүгийн, гэмт хэргийн гэх мэт хууль бүгд Германы сонгодог загвар. Тэгэхээр бид энэ харьцуулсан мэдлэгээ цэгцлэх хэрэгтэй юм.
Удирдлага, дунд, доод түвшний бүх хүнээ сургалтад хамруулна.
Тэгэхгүй бол ний нуугүй хэлэхэд судалгаа гэхээсээ илүү сургаар нь савлах гээд байна. Манай хууль зүйн салбарын шинжлэх ухаанд ч гэсэн асуудал бий. Бид сайн мэддэг зүйлээ яриад байсан болохоос шинэ зүйлийг сүүлийн 10 жил судалж, гаргаж ирээгүй. Гэмт хэргийн шинэ хууль бичихэд хууль зүйн нэр томьёо дутагддаг. Үүнийг шинээр зохиохоос өөр аргагүй байдалд орсон. Гэтэл манай эрдэмтэн, судлаачид өмнө нь хараагүй нэр томьёо гараад ирэхээр уурлаж, цочирдож байна.
Тэгэхээр манай хууль зүйн хэл өөрөө хөгжөөгүй байна гэж хэлэх гээд байна. Жишээ нь оросууд эрх чөлөө хязгаарлах гээд хуульдаа ялын шинэ төрөл биччихсэн байгаа. Хүнийг заавал шоронд биш гэрийн хорионд оруулдаг эсвэл тодорхой маршрут заагаад тэндээс тийшээ явна. Өөр тийшээ явахгүй ажлаа хийгээд гэртээ амьдрангаа хохирлоо төл гэх мэт юм. Бид үүнийг хэрэглэж болно.
Эсвэл Герман загвараар зорчих хэсгийг хязгаарлах ял гэж нэмье гэж ярьсан. Тэгэхээр үүнийгээ дагаад тайлбар хийх хэрэг гарна. Ингэхээр дахиад хуулийн бичилт өөрчлөгдөнө. Энэ мэт маш олон шинэ зүйлтэй тулж байна. Монгол Улсад өмнө нь хуульд дотор нь тайлбар хийдэг хуулийн бичилт байгаагүй. Одоо бид энэ хуульд үүнийг ингэж ойлгоно, бүлэгт ингэж ойлгогдоно гэх зэргээр зааж өгнө. Өмнө нь хуулийг дээд шүүх тайлбарлаж, түүнээс болоод бөөн хэрүүл болдог байсан. Одоо хууль тогтоогч өөрөө тайлбартай гаргадаг шинэ техник рүү орж байна.
-Тэгвэл хуулийн цоорхой гэдэг асуудал яах вэ?
-Сая шүүхийн шинэчлэлтэй холбоотойгоор дээд шүүх хуулийг гадагшаа гаргаж тайлбарлахаа больчихсон. Өмнө нь хуулийг дээд шүүх тайлбарладаг. Дээд шүүхийн 15 шүүгч хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэг байсан. Үндсэн хуульд болохоор хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гээд заачихсан байдаг. Гэтэл бусад улс орныхыг харсан чинь дээд шүүх аж ахуй нэгж рүү гадагшаа тайлбар хийдэггүй. Маргаан шийдвэрлэх тохиолдолд дотроо тайлбар хийдэг юм билээ.
Зөвхөн шүүхийн нэгдсэн практик тогтоох үед анхан шатны шүүхүүд хэргүүдийг өөр, өөрөөр шийдээд байвал түүнд нь ижил тайлбар өгч, дараа нь шүүгчид маргааныг дээд шүүхийн тайлбарыг харж байгаад нэг мөр шийддэг стандарттай болгохын тулд хэрэглэж байгаа. Тэгэхээр шүүхээс гадна хуулийг Үндсэн хуулийн Цэц болон хууль тогтоогч өөрөө тайлбар хийж байна. Монгол Улс парламентын засаглалтай, Ром, Германы эрх зүйн тогтолцоотой учраас шүүхийн перцетенцээр биш хууль тогтоох онолоор эрх зүй нь бүтээгддэг.
Энэ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд парламент хууль тогтоох үйл явцаа илүү хариуцлагажуулах шаардлага гарч ирнэ. Ерөнхий нэг, хоёр зүйл, заалттай хууль гаргачихаад үүнийг хэрэгжүүл гэж Засгийн газар юм уу бусад руу шидэх биш илүү тодорхой, ойлгомжтой хэрэглэгдэхүйц болгохоос аргагүй. Зөвхөн шүүх, хуулийн байгууллага шинэчлэл биш тэдний хэрэглэж байгаа хууль ямар байх вэ гэдэг шинэчлэлийг өрнүүлж байна гэсэн үг.
-Ер нь шинэчлэл хийхэд хөрс сууриа бэлдэхээс гадна, сэтгэлгээгээ ч өөрчлөх шаардлагатай байх?
-Монголчуудын хувьд нэг том давуу тал байна. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн нэг том байгууллага өөрчлөлт рүү орж, шилжилт хийж байгаа процессыг давах чадвартай. Ер нь бидний хувьд хуучнаа хадгалах үзэл их бага байна. Тиймээс шинэчлэл хийхэд, өөрчлөлтөд хурдан дасан зохицох, үүнийг эерэгээр хүлээж авах боломж бий. Гэхдээ зоригтой шинэчлэл хийнэ гэдэг харанхуй, муйхараар дайрна гэсэн үг биш. Маш сайн судалгаа, бодлоготой хийнэ.
-Энэ шинэчлэлийг хийх явцад ямар нэг алдаа гарч байгаа юу. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр тэр алдааг олж харсан хүмүүстэй сөргөлдөж байх шиг байна. Тухайлбал ЦЕГ-ын дарга Г.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай Засгийн газрын хуралдаанаар оруулна гэх яриа байна?
-Энэ шинэчлэлийн үйл явц хүнтэй холбоотой асуудал руугаа орж байна. Тэгэхээр энэ хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс маань ижил хэмжээний мэдлэг, ойлголттой байгаа эсэхийг бид харах ёстой. Хэн нэгнийг халах тухай биш хууль тогтоомж ийм байна. Үүнийг та хэрэгжүүлж чадах уу гэдэг асуудлыг ярина. Бусад улс орон ч гэсэн эхлээд хүн халах тухай ерөөсөө ярьдаггүй. Харин тэр хүмүүсийг дахин сургалтад хамруулж, чадваржуулж байна.
Тиймээс удирдлага, дунд, доод түвшний бүх хүнээ сургалтад хамруулна. Харин дараа нь ажлаа хийж чадах эсэхийг ярилцана. Гэтэл манай цагдаагийн байгууллага шалгаж, мөрдөж байгаа хэргээ шүүхэд нотлох баримт болгож явуулахаасаа илүүтэйгээр хэвлэлээр дамжуулан дуулиан болгож, хүний нэр төрийг гутаах тэр социалист арга барилаасаа одоо хүртэл салаагүй л байна.
-ЦЕГ-ын даргыг та өөрөө томилсон. Гэтэл томилсон хүн тань таны эсрэг ажиллаад байвал шинэчлэлийг яаж хийх вэ. Та өөрөө над дээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа гэж хэлж байсан. Энэ нь мөрдөж, тагнах гэсэн үг. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг, бүр сайдыгаа мөрдөнө гэдэг байж болох уу?
-Энэ нь шинэчлэлийн суурь суух болоогүй, одоо хуучин соёлоороо л ажиллаж байна гэсэн үг. Манай хуулийн байгууллагад намайг хянадаг, миний асуудлыг шийддэг хүний “но”-г бариад авчих юм бол “Би албан тушаал дээрээ үлдэнэ” гэж боддог хүмүүс байна. Тиймээс хуулийн байгууллагын, тэр дундаа тагнуулын чиг үүрэгтэй өөрийнхөө дээр байгаа дарга руу эсвэл өөрт нь хяналт тавьдаг байгууллага руу чиглэсэн тийм хүмүүс байна. Тэр боломжийг олгоод байгаа хуулийг нь өөрчлөх ёстой.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү таныг огцруулах тухай хүсэлтээ хаврын чуулганы нээлтийн өдөр УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Та үүнд юу гэж хариулах бол?
-Тэр бол тухайн хүний хувийн бодол. Надаас өөр хэн нэгэн байсан бол цагдаа, хууль, хүчний байгууллагын тагнах, чагнах хэрэгслийг өөрийнхөө эсрэг явж байгаа улстөрчид чиглүүлэх байсан байж магадгүй. Яагаад гэвэл хуульд тийм боломж бий. Гэхдээ намайг тагнаж, чагнаад байгааг би хэлж байгаа нь тухайн байгууллагад захиалга өгөх биш шинэчлэл хийх гээд тэдэнтэй тэрсэлдэж байна гэсэн үг шүү. Бусад улс оронд ч гэсэн энэ хэвийн үзэгдэл.
-Таныг тагнаж байсныг шалгуулах хүсэлт гаргах уу?
-Гаргана, гэхдээ дараагийн процесс. Мэдээж шинэчлэлийн үйл явцаас тусдаа. Тиймээс би өөрчлөх гэж байгаа процессийнхоо хувь хүмүүстэй зууралдахаас илүү тийм болгоод байгаа хууль эрх зүйн орчныг өөрчлөх нь чухал.
-Ер нь хүнийг нууцаар тагнахыг хуулиар зөвшөөрдөг юм уу?
-Зөвшөөрөхгүй, хууль бус. Манайд нэг жишээ байдаг юм. АТГ-ын хоёр дарга өөрийнхөө байгууллагын доод албан тушаалтыг тагнасан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ бол гэмт хэрэг. Гэтэл хуулийн байгууллагынхан өөрсдөө хэрэг хийчихлээ. Үүнийг гэмт хэрэг гэдгийг яаж нотлох юм бэ. Ямар ч байсан тагнасан үйл явц нь тодорхой байгаа бол шалгах л ёстой.
-Таны одоо боловсруулж байгаа хуулиуд хэр хамгаалалттай болж байгаа вэ. Магадгүй дараагийн хууль зүйн сайд үүнийг хуучин хэвэнд оруулчих вий дээ?
-Энэ бол үндэсний ойлголцлын асуудал. УИХ, улстөрд байгаа томоохон намууд энэ шинэчлэлийн үзэл баримтлалаар сайн ойлголцож, урт хугацаанд үүнийгээ хадгална гэдэг хүсэл эрмэлзлэлийг бий болгож байж явна. Тэгэхгүй бол энэ шинэчлэл үр дүнгүй болно.
-Шүүгч, цагдаа эсвэл прокурор хэрэг хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ. Тэр хэргийг хэн мөрдөж, шалгадаг юм бэ. Мөн прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг таныг татан буулгасан гэж Д.Дорлигжав прокурор маргалдаж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Д.Дорлигжав прокурор ойлголт дутуу байсан юм болов уу. Тэр үед яагаад тэгж ойлгосныг би ойлгоогүй. Тэр хуулийг Засгийн газраас биш УИХ-ын гишүүн өргөн барьсан шүү дээ. Засгийн газрын зүгээс авлигын хэргийг АТГ гэж тусдаа газар шалгаад явж байхад шүүх, прокурор, цагдаагийн авлигын хэргийг тусдаа шалгана гэдэг зүйл байж болохгүй гэдгийг дэмжсэн.