Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа
УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Тэр дунд УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгож, мэргэшсэн хүчирхэг институцыг төлөвшүүлэх зорилготой байв. Улмаар УИХ-аас Ерөнхий аудиторыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бүтэцтэй болох юм.
Өнөөдөр орон нутагт аудитын байгууллага мэргэшиж ажиллахад хүчин чадал бага, хүн цөөтэй байдаг. Мөн орон нутгийнхаа удирдлагуудаар төсвөө батлуулж, хийх ажлын чиглэл авч хараат ажиллаж байгаа нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан гэхчилэн орон нутгийн удирдлагууд өөрсдөө мэдэж шийдвэрлэх хөрөнгө оруулалт өссөн. Энэ нь орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэн гэсэн үг. Харин аудитын байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй бол тэрхүү төсвийн зарцуулалт, үйл явцад хяналт тавьж чадахгүй. Тиймээс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага тулгарчээ. Мөн хуульд өөрчлөлт оруулснаар аудиторууд зөвхөн төсөв, хөрөнгөд хяналт тавих биш УИХ-аас баталсан хууль тогтоол, байнгын хороод, бусад УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг болох юм. Гол нь аудитын байгууллага босоо бүтэцтэй болсноор Ерөнхий аудитороос хийх ажлынхаа чиглэлийг авч, ажлаа төв байгууллагадаа тайлагнадаг болно.
Түүнчлэн орон нутгийн аудиторууд нэг дор удаан ажиллахаар ашиг сонирхлын зөрчил бий болдог талтай. Тиймээс үүнээс сэргийлж аудиторын байгууллагуудад төв байгууллагаас тодорхой хугацаатай сэлгэн ажиллуулах нөхцөл бүрдэж байна.