УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2014.03.26

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар  хаврын чуулган эхлэхийн өмнөхөн тойрогтоо ажиллав. Түүнийг дагалдан Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ажилласан юм. Тэрбээр хамгийн эхэнд Цэнхэрмандал суманд ажиллалаа.

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийнхаа 13 сум, 3  тосгонд ажиллаж, УИХ-аас батлан гаргасан хууль, журам, тогтоол, Засгийн газрын гол гол тогтоол шийдвэрийг сонгогчиддоо танилцуулж, тэдний санал бодлыг сонсч харилцан ярилцаж, орон нутгийн ажил байдалтай газар дээр нь танилцсан юм.

Цэнхэрмандал сум цас ихтэй өвөлжиж хавартай золгосон ч цас ханзраагүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутаг хариуцаж ашиглах тухай хууль саяхан батлагдсан ч тус сум аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тухайлбал, элс хайрганы каръеруудаа эзэнтэй болгожээ. Тус суманд тулгамдаж байгаа асуудал нь 2015 онд сум байгуулагдсаны 90 жилийн ой болно, цэцэрлэгийн барилга муудсан, сургуулийн дотуур байр, эмнэлгийн барилгад их засвар хийх, тамгын газрын дутуу барилгаа гүйцээх шаардлагатай байна. Тус суманд уул уурхайн 23 лиценз байдгаас 4 нь цуцлагдаж, согтууруулах ундаа худалддаг 20 цэг байдгийн 2-ынх нь эрхийг цуцалсан байна. Ойн баялагтай нутаг болохоор ойн анги байгуулж ойд цэвэрлэгээ хийн, нэлээд ашиг орлого олсон гэнэ.
Сумын Засаг дарга Л.Баатар манай суманд бэлчээрийн даац хэтэрч байна. Элс хайргаа эзэнтэй болгож, ойн анги байгуулаад байна гэв. Ийнхүү хөдөөгийнхөн аймаг орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, тэтгэвэр, цалин нэмэх, малын хулгайн хэргийг шийдвэрлэж байх, архи худалдаалдаг цэгийн тоог цөөлөх гэх мэт асуудлуудад ихэвчлэн анхаарч гомдол санал гаргасныг гишүүн болон аймгийн Засаг дарга нар анхааралдаа авч ажиллахаа илэрхийллээ.