Хэнтий аймагт байгаль нөхөн сэргээхэд 345,6 сая төгрөг зарцуулна
Хэнтий аймаг
2014.01.15

Хэнтий аймагт байгаль нөхөн сэргээхэд 345,6 сая төгрөг зарцуулна

Хэнтий аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар энэ онд аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Тус аймаг энэ онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу урьдчилсан байдлаар 569 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөөц ашигласны орлогын тодорхой хувийг буцаан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг билээ.

Тухайлбал, ан, амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь, газрын төлбөрийн орлогын 30 хувь, ойн нөөц ашигласны төлбөрийн 85 хувь, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын 55 хувийг эргээд байгалиа нөхөн сэргээх хамгаалахад зарцуулдаг. Үүний дагуу Хэнтий аймаг энэ онд 345,6 сая төгрөгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд 16 багц арга хэмжээ тусгаж баталлаа. Уг төлөвлөгөөгөөр Хэнтий аймаг 42 сая төгрөгөөр ойжуулалт, 57 сая төгрөгөөр ногоон байгууламжаа нэмж, Цэнхэрмандал суманд 5 га талбайтай мод үржүүлгийн газар шинээр байгуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд эргүүл харуулуудад сургалт хийх, Биндэрийн Гутайн даваанд түймрээс хамгаалах зурвас татахад нийт 43 сая төгрөг зарцуулна. Энэ жил хорт ургамлын судалгаа хийж тархацыг багасгах ажилд 5 сая, сум дундын ойн ангийг 15 сая төгрөгийн багаж төхөөрөмжөөр ханган, булаг нуурын эхийг хамгаалахад 17 сая төгрөг зарцуулах ажээ.

Мөн энэ онд хийх томоохон ажил нь амьтны нөөц тогтоон агнуур зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд 25 сая, Галшар суманд тарвага нутагшуулахад 9 сая, сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулахад нийт 60 сая, Тосон Хулстайн байгалийн нөөц газрын Өвдөг ухаад нөхөн сэргээлт хийхэд 30 сая, Хар зүрхний Хөх нуурын орчныг сэргээхэд арваад сая, “Онон Тарс” ТББ-ын мод үржүүлгийн талбайг өргөжүүлэхэд 5 сая, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг 20 сая төгрөг зарцуулна гэсэн төлөвлөгөөг төлөөлөгчид баталлаа.

Харин энэ жил Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумын нутагт байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар ажил тусгагдсангүй, бусад 15 сум байгаль нөхөн сэргээх талаар саналаа ирүүлж зардал тусгуужээ.