Сурагчид онолын түвшинд сурсанаа практикаар баталгаажуулна
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:
2014.03.19

Сурагчид онолын түвшинд сурсанаа практикаар баталгаажуулна

Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн хөдөлмөрийн технологийн танхимд Австри улсын Unimat компанийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт суурилуулав.

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр тус сургуулийн хөдөлмөрийн технологийн танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Тус танхимд нийт 30 сая төгрөгийн өртөгтэй токарь, өрөм зэрэг 15 суурь машин суурилуулжээ. Энэхүү тоног төхөөрөмжөөр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, нисэх, авто загварын чиглэлийн загваруудыг модоор хийх боломжтой юм.

Л.Гантөмөр сайд хэлэхдээ, “Бид  хөдөлмөрийн лаборатори байгуулах санаачлага гаргаж, төвлөрсөн төсөв хүрэлцээгүй учраас аймаг, дүүргийн Засаг дарга нарт санал болгож байгаа. СБД-ийн Засаг дарга санаачлагаараа дүүргийнхээ сургуулиудыг хөдөлмөрийн лабораторитой болгож байгаад талархал илэрхийлье. Хүүхдүүд өөрийнхөө гараар нэг бүтээгдэхүүнийг нэг өдөрт хийх боломж бүрдэж байна. Бүх сургууль физик, хими, биологи, хөдөлмөрийн лабораторитой болох юм бол хүүхдүүд сургуульдаа явахдаа илүү дуртай байна.

Дунд ангийн хүүхдүүд гартаа эрдмээ оруулж авна гэдэг бол ажил хийж чаддаг ард түмэн бий болно гэсэн үг. Тэгэхээр бүх сургуулийг хөдөлмөрийн лабораторитой болгох хэрэгтэй. Бид шинжлэх ухааны тухайн  мэдлэгийг хүүхдүүдийн гарт нь оруулах, сургалтын хэрэглэгдэхүүнд ач холбогдол өгөх зорилгоор физикийн лабораторийг 100 сургуульд суурилуулаад байна” гэв.

Хөдөлмөрийн кабинетын багш Ж.Энхболд, “Авьяас хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоног төхөөрөмжөөр авьяаслаг хүүхдүүдийг сургалтад хамруулах боломжтой. Бид эхэлж өөрсдөө сурч байж, хүүхдүүдээ зааж өгнө. Түүхий эд, өндөр хатаалттай модон материал нь бага хүчин чадалтай энэ суурь машиндаа таарсан. Гэхдээ бид фанер модоор хийж туршин заавал гадаадаас өндөр үнэтэй мод оруулж ирэх шаардлагагүй гэж үзэж байна. Бүтээгдэхүүн хийхдээ сурах бичгийн зургийн дагуу хийнэ” гэв.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, “Хүүхдүүд онолын түвшинд сурахаас гадна гараараа хийж сурах, түүнийгээ баталгаажуулах практикт сурахад нь дэмжих зорилгоор энэхүү хөдөлмөрийн кабинетыг дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс хамтран байгууллаа. Өмнө нь 380 вольтоор ажилладаг том цахилгаан өрөмтэй байсан бол Европ стандартаар 12 вольтоор ажилладаг сургалтын зориулалтын тоног төхөөрөмжөөр нийт дүүргийн ЕБС-иудыг хангаж байна.

2013-2014 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 10 сургуульд эрэгтэй сурагчдын технологийн танхим байгуулаад байна. Цаашдаа эмэгтэй сурагчдын технологийн танхим байгуулахаар ажиллаж байна” гэв. Тус сургуулийн сурагчид бүтээгдэхүүнээ хийж,  дүүргийн харьяа цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулан,  олсон мөнгөөрөө материалаа авах замаар эргэлтэд оруулах юм байна.