Н.Норжхорлоо: Цэцэрлэгийн удирдлага, багш нарын арга барилд хуучирсан зүйл олон бий
БШУЯ-ны дэргэдэх Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх багийн ахлагч Н.Норжхорлоотой бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
- Шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгын ямар стандартыг хэрэгжүүлэх вэ?
- Та стандарт гэж асуулаа. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгын “стандарт” гэж байх нь манай улсын хувьд нэг л сайн тохирохгүй байгаа юм. Яагаад гэвэл стандартууд Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдэлд байдаг, олон түмэнд амархан хүргэх боломж муутай, үнэ өртөг төлж байж авдаг, наад зах нь интернэтэд нээлттэй тавьчихаж болдоггүй. Гэтэл бага насны хүүхдийн хувьд эцэг эх шийдвэрлэх нөлөөтэй, хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлд л үндсэндээ шийдэгддэг. Тэгэхээр эцэг эх бүр хүүхэдтэйгээ багаас нь яаж харилцах, ажиллах, хүүхдээ юунд сургах, ямар чадвар дадал эзэмшүүлэхийг, өөрөөр хэлбэл тэр стандартыг чинь тун нарийн мэддэг байх шаардлагатай. Ийм боломж эцэг эхчүүдэд хомс. Иймээс бид өнөөгийн мөрдөж буй “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг шинэчлэн сайжруулж, бага насны хүүхэдтэй хэн боловч аваад ашиглах боломжтой, энгийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээ” гэсэн баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байна.
- Гадаадын улс орнуудад стандартад суурилсан чанарын тогтолцоог бий болгоно гээд байгаа юм биш үү?
2014 онд цэцэрлэгийн орчны стандартыг шинээр боловсруулж, батлан гаргана.
- АНУ гэх мэт зарим улс оронд бага насны хүүхдийн сургалтын стандарт гэж бий. Гэхдээ гадны улс орнуудад бага насны хүүхдийн хувьд сургалтын стандарт гэсэн баримт бичгийг түгээмэл хэрэглээд байдаггүй. Жишээлбэл, манай нэг дэд багийн гишүүд сургуулийн өмнөх боловсролын агуулгыг шинэчлэх ажлын хүрээнд Сингапур, Япон, Канад, Герман, Финлянд, ОХУ зэрэг улсын сургуулийн өмнөх боловсролд мөрдөж буй сургалтын хөтөлбөрүүдийг судалсан. Эдгээр улс орны алинд нь ч сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын агуулгын стандарт гэж байхгүй. “Бага насны хүүхдийн сургалтын хүрээ”, “Цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн хөтөлбөр”, “Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хүрээ”, “Сургуулийн өмнөх боловсролын үндэсний цөм хөтөлбөр” гэсэн нэртэй баримт бичгүүдийг хэрэглэдэг. Үүнийг нь тухайн улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь л батлаад гаргачихдаг.
- Та бүхний шинээр гаргах гэж буй Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээ гэдэг нь надад “Сургалтын үндэсний хөтөлбөр” юм уу даа гэж ойлгогдож байна. Энэ зөв үү? Энэ хөтөлбөр ямар онцлогтой байх вэ?
- Тэгж ойлгож болно. Ер нь сургалтын агуулгыг тодорхойлон хөтөлбөр боловсруулахдаа тухайн насны хүүхэд чинь чухам хэн бэ, тэд яаж суралцдаг вэ гэдгийг хамгийн эхэнд харах нь чухал. хүүхэд чинь чухам хэн бэ, тэд яаж суралцдаг бэ гэдгийг хамгийн эхэнд харах нь чухал. Хэрэв бага насныхан бол юм мэдэхгүй, чадахгүй жаахан амьтад, байнга зааж сургаж байхгүй бол болохгүй гэж хандах юм бол сургалтын хөтөлбөрт томчуудаас заах зүйлийн жагсаалт давалгайлаад явчихна. Гэтэл бага насныхан бол орчноо таньж мэдэх гэсэн идэвх, хүсэл эрмэлзлээр дүүрэн, бидний ярьдгаар “жаран чавганцын ажил нь эхэлдэг” бөгөөд өөрсөө суралцах ихээхэн чадвартай байдаг. 1-2 настай хүүхэд ч орчин тойронд юу болоод байгаа, өөрт нь хэн яаж хандаж буйг төвөггүй мэддэг. Тэгэхээр сургалтын үндсэн хүрээний нэг онцлог нь хүүхдэд зааж сургах зүйлийн өргөн хүрээний жагсаалтаас татгалзаж, энэ насны хүүхэд ер нь ямар чадамжтай байх вэ гэдэгт голлон анхаарна. Чадамж гэдэг нь хүүхдийн мэдлэг, чадвар, сонирхол, хандлага, төлөвшлийг багтаасан цогц ойлголт. Гадныхны хэллэгээр бол компетенц (Competence).
Сургуулийн өмнөх насны боловсролын стандарт бус сургуулийн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээ гэж байх нь манайд илүү тохиромжтой.
Мөн өнөөг хүртэл мөрдөж ирсэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, стандартуудыг хүүхдийн нас тус бүрээр гаргасаар ирсэн. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэхийг зорьж байна. Хүүхэд бүрийг байгаа түвшингөөс нь цааш хөгжүүлэх тохиолдолд хүүхэд хэдэн настай байх нь чухал биш. Тэгэхээр сургалтын хүрээг боловсруулахдаа бид хүүхдийн эзэмших чадварыг ахисан түвшингөөр нь авч үзэж байгаа. Жишээлбэл хувцсаа өмсөх, тайлах гэсэн нэг чадварыг хүүхэд эзэмшсэн байна гэж бодъё. Тэгэхэд хүүхэд эхлээд гутал, хувцасныхаа буруу, зөв талыг ялгадаг болно, дараа нь товчоо товчилж, тайлдаг болно гэх мэтээр чадвар нь сайжирсаар сургуульд орохдоо гутлаа үдээд сурчихсан, бие даан хувцасладаг болчихсон байх жишээтэй.
- Энэ шинэ сургалтын хөтөлбөр хэзээ бэлэн болж хэрэгжих вэ?
- Нийт аймаг, нийслэлийн хэмжээнд БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан 12 түшиц цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр цэцэрлэг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн шинэчлэлийг бусдад үлгэр загвар болохоор хэрэгжүүлэхээс гадна шинээр гарч буй сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн баримт бичгүүдийг туршин сайжруулахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Эдгээр түшиц цэцэрлэг шинэчлэн боловсруулсан Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээг 2014-2015 оны хичээлийн жилд туршина. Ингэж туршсанаар энэ баримт бичиг практикаар үйл ажиллагаагаар баяжигдана.
- Багачуудад үндэсний соёл уламжлалыг ойлгуулж, төлөвшүүлэх асуудлыг сургалтын хөтөлбөрт яаж тусгах вэ?
Монголын нийт хүн амын 7,3 хувийг сургуулийн өмнөх боловсролын насны 2-5 насны хүүхдүүд эзэлж байна.
- Ер нь бага насанд хүлээж авсан мэдээлэл тэдний соргог оюунд амархан тусдаг, эзэмшсэн дадал хэвшил бол насан туршид хэрэг болдог. Жишээлбэл, бага насандаа хоолоо сайн зажилж идээд хэвшчихвэл тэр хэвшил насан туршийнх. Энэ утгаараа таны энэ асуулт их чухал. Бид хүүхдээ монгол хүн болгон төлөвшүүлэхэд багаас нь монголоороо хэлд орохоос эхлээд бүх талаас нь анхаарах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Английн зохиолч Ф.Честерфилдийн хэлсэн үгийг дурдмаар байна. “Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг” гэж тэр хэлжээ. Тэгэхээр би гэр бүлийн соёл, ёс, зан заншил бол хүүхдэд багаас нь үндэсний соёл, уламжлалыг ойлгуулж төлөвшүүлэхэд цэцэрлэгт зааж сургаснаас илүү үр нөлөөтэй гэж хэлэх гээд байна. Гэхдээ энэ нь үндэсний соёл, уламжлалаас сургалтын хөтөлбөрт огт оруулахгүй гэсэн үг биш. Юуг нь яаж багачуудад ойлгуулж, төлөвшүүлэх талаар тодорхой чиглэл, аргачлал байх шаардлагатай.
- Хүүхдүүдийг хүсэхгүй байхад заавал нэг цагт унтуулах албагүй гэж зарим мэргэжилтэн үздэг. Ер нь багш нарын хүүхэд хүмүүжүүлэх зарим хуучин арга барил орчин үед нийцэж байна уу?
- Цэцэрлэгүүдийн удирдлага, багш нарын үйл ажиллагаанд тогтсон хуучин загвар, арга барилаасаа салах зүйл бишгүй бий. Наад зах нь цэцэрлэгүүд эцэг эх хүүхдээ өглөө тогтсон цагт амжиж өгөхгүй бол хаалгаа тас хаагаад цоожилчихдог, таны хэлснээр бүх хүүхдийг албадаж унтахыг шаарддаг, хүүхдийг заавал нас насаар нь анги болгон хуваарилдаг, ангиудын тохижилт нэг хэвийн адилхан байдаг гээд олон зүйлийг дурдаж болно. Эцэг эхийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийг сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байлгадаг, хүүхэд бүр бүх талаасаа хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн байгууллага байх нь цэцэрлэгт тавигдах хамгийн наад захын шаардлага. Тэгэхээр эцэг эхийн ажил 9.00 цагаас эхэлдэг байхад хүүхдээ заавал 8.00 гэхэд цэцэрлэгт өгсөн байх шаардлагагүй биз дээ. Ах эгч, дүү хүүхдүүд нэг цэцэрлэгт явдаг бол заавал хоёр өөр ангид явах шаардлагатай гэж үү. Тэд хамтдаа нэг ангид явж байвал аль алиных нь сэтгэл санаа таатай байх нь мэдээж.
- Янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад, ялангуяа томчууд нь олигтой юм сурахгүй гэсэн хандлагын талаар та юу хэлэх вэ?
- Янз бүрийн насны хүүхэд нэг дор, нэг ангид байхад аль алинд нь ач тустай. Багачууд нь томчуудаа даган дуурайгаад тэднээс их суралцдаг. Томчуудын хувьд бол өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Мөн бага хүүхдэд туслах, анхаарч халамжлах сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад анхаарал тавих, хайрлаж хамгаалах зан чанар бүрэлдэхэд ач холбогдолтой.
Дашрамд хэлэхэд манай энэ шинэ Засгийн газар, сайд Л.Гантөмөр болон яамны бусад удирдлага цэцэрлэгийн үйл ажиллагааг өөр өнцгөөс харж, хүүхэд нэг бүрт заяагдсан төрөлхийн олон талт боломж, чадавхыг нээн, боломжийнх нь дээд хурдацаар хөгжүүлэх,багш нарт итгэл өгч, тэдний хүүхэдтэй ажиллах арга зүй, технологийг шинэчлэхэд анхаарч, дэмжиж ажиллаж байгаад мэргэжлийн хүний хувьд талархаж явдаг. Арга барил нь арай л өөр, шинэлэг. Нэг жишээ дурдахад яамнаас оны өмнөхөн улсын хэмжээнд 330 цэцэрлэг тус бүрт өөрсдөө шийдэж зарцуулахаар 2 сая төгрөг шат дамжлагагүйгээр шууд олгосон. Одоо үлдсэн бүх цэцэрлэгт энэ мөнгийг олгож байна. Өмнө нь бол яам л өөрсдөө шийдэж, худалдан авалт хийж, хэрэгцээ шаардлага хангасан, хангаагүй нь хамаагүй авсан зүйлээ цэцэрлэгүүдэд тараадаг байлаа шүү дээ.