Б.Төмөрчулуун: Сайн засаглал нь өглөө жижүүртэйгээ мэндлэхээс эхлэдэг
“Сэргэн мандалт” группын Ерөнхийлөгч Б.Төмөрчулуунтай ярилцлаа.
-Танай компанийн хувьд засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Бие биедээ шүтэлцээтэй тулгуур гурван зарчмыг баримталж ажилладаг. Удирдах зөвлөл, гүйцэтгэх засаглал, хувьцаа эзэмшигч буюу хувь нийлүүлэгчид байна. Улс орны хөгжлийн амин сүнс нь компани. Компанийн засаглал хаана сайн байна, тэнд хаан улс байна.
Зөвхөн компанийг байгуулж, бүртгүүлчихээд л явж болохгүй. Хэм хэмжээгээ тогтоох хэрэгтэй.
- Хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй зүйл тохиолдож байна уу?
Компанийн засаглал бол маш сайн засаглал. Удирдах зөвлөл маань компанийнхаа мастер төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага, стратеги, бодлогоо хардаг. Гүйцэтгэх захирал нь өдөр тутмын ажлаа хийнэ. Нэг ажлыг гурван чадлаар хийж байгаа болохоор маш сайн. Одоо болохоор нэг чадлаар гурван ажил хийж байна. Нэг чадлаар гурван ажлыг хийж байгаа учраас зарим компаниуд чадалгүйдэх, тамиргүйддэг. Танай сайтын зүгээс компанийн засаглалын хөгжлийн асуудлыг хөндөж, бидний санал бодлыг сонсч байгаад баяртай байна.
-Танай компанийн хувьд ХХК. Гэхдээ засаглал мөн яригдах учиртай. Танайд хичнээн хувь нийлүүлэгч байдаг вэ?
Компанийн хувьд нэг л хувь нийлүүлэгчтэй. Гэхдээ би өргөтгөөд санаа зовох багийн гишүүдийг гаргасан байгаа. Тэд нараар дамжуулж компани хэр зэрэг ажиллаж байгаагаа хянадаг. Ер нь компанийг анх үүсгэн байгуулсан философийг байнга санаж байх учиртай. Засаглал сайтай газарт сайхан аашны аяг үргэлж байдаг. Тэнд хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж өндөр. Хүний бүх зүйл нь бүтээд, зөв болоод ирэхээр сайхан ааштай болдог. Тааруухан, бүтэмж муутай бол стресстэй, ууртай байна шүү дээ.
-Зарим компанийн хувьд засаглалаас зугатах хандлагатай байгааг та юу гэж боддог вэ?
Зугатах шаардлагагүй.
Хоёр тайлантай, үүсгэн байгуулагч нь нууц ч гэх байдлаар явах нь ямар ч ирээдүйгүй. Компанийн үйл ажиллагаа өргөжих тусам нээлттэй болох ёстой. Нуух зүйл байхгүй. Одоо засаглалын сул талыг далимдуулж гадныхан орж ирээд байгаа.
-Монголын компанийн хувьд хөрөнгө оруулалтаа нэмгдүүлэх шаардлага гарч ирж байна. Танай компанийн хувьд байдал хэр байна?
Сайн чадал суугаагүй учраас өргөжүүлэх бодол одоохондоо алга. Энэ хурдаар ийм бүтэц зохион байгууллатаар сайн ажиллавал ирээдүйд болно. Одоо IPO гаргаж байгаа компаниуд ихэнхи нь уул уурхай, ашигт малтмалын компаниуд байгаа.
-Засаглалын сайн талыг энгийн ажилчин хүний амьдралд буулгахад ямар төсөөлөл байх бол?
Эхэнд ярьсан тулгуур гурав бол тус тусдаа гэрээтэй байх ёстой. Цалин хөлс, урамшуулал, ногдол ашиг авах эрхтэй.
Энгийн даруу компани үүсгэсэн хүний хувьд харахад засаглал сайжирвал гадаад руу хүмүүс эрсдэл гарган, амьдралаараа дэнчин тавихгүй болно. Засаглал сайтай компани нь гадны компанид гэрээгээр холбоо тогтоож туршлага судлуулах боломжтой гэсэн үг.
Хүнийхээ төлөө тэгж ажиллах ёстой. Иргэн, компани хоёр дээр улс орон оршин тогтоно.
-Ажилчид руугаа хандсан ямар ажлыг хийдэг вэ?
Инженер нь чухал, үйлчлэгч нь чухал биш гэхгүй. Бүх хүн чухал. Өглөө ирээд жижүүртэйгээ мэндлэхээс эхлэх ёстой. Сайн засаглалтай газар энэ бүхэн өөрийн эрхгүй тогтсон байдаг.
-Монголд бизнес эрхэлнэ гэдэг таны хувьд ямар утгатай вэ?
Монгол хүн болж төрсөний хувьд улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаадаа баярладаг. Би эх орноо дэлхийд ханш өндөртэй улс болгохыг хүсдэг. Улсын дайтай улс байгаасай. Залуучуудыг өөрийнхөөр нь ажиллуулдаг, өөрийнх нь хүчийг ашигладаг хүний нөөцийн бодлогыг олон компани хэрэгжүүлээсэй гэж боддог. Тэднийг сайн хурцалвал олон мундаг санаа төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
-ТӨК-ийн засаглал болон үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгөх вэ?
Төр бүх өмчөө алдах ёстой. Тусгай зориулалтын буюу цахилгаан дулаан, шугам сүлжээ, цөмийн энерги гэх мэт толгой салбараас бусад салбарыг зохицуулах хороогоор дамжуулж оролцох хэрэгтэй. Төрийн өмчийн хороо татан буугдах ёстой.
Төр өмчтэй байгаад л байвал хүнд суртал байсаар байх болно.