Л.Энх-Амгалан нар бондоор асуулга тавилаа
2014.03.18

Л.Энх-Амгалан нар бондоор асуулга тавилаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хандан бондын зарцуулалттай холбоотой дөрвөн зүйл бүхий асуултыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар тавьжээ. 

Асуулгад: 1.Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд”, 30 тэрбум иений "Самурай" бондын хэд нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд бодитойгоор оров. 
2. Хөгжлийн банкин дахь "Чингис бонд" болон "Самурай" бондын хөрөнгө, түүнчлэн тус банкны бусад ашиглагдаагүй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс ямар нөхцөл, шалгуураар хэдий хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад байршуулав. 
3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хүрэв. 
4. Төсвийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна" гэж заасны дагуу бондын хөрөнгийн эх үүсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсөвт тусган хуулийн зөрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсч байна. гэжээ.  
Хуульд зааснаар асуулга хүлээн авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй. 
Онцлоход, ам.долларын ханшийн өсөлтөөс болж, Монгол Улсын өрийн хүүгийн хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад өссөн, Монгол Улс гадаадаас авсан зээлийн хүүнд жил бүр 150-180 тэрбум төгрөг төлж ирсэн. Харин валютын ханшийн огцом өсөлтөөс болж төлж байгаа зээлийн хүүгийн хэмжээ дахин өсчихөөд байна гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хийж байв.