Ч.Баттулга: Боловсролын зорилго бол бие хүнийг төлөвшүүлэх
МУИС-ийн монгол хэлний тэнхимийн багш Ч.Баттулга
2014.03.17

Ч.Баттулга: Боловсролын зорилго бол бие хүнийг төлөвшүүлэх

МУИС-ийн монгол хэлний тэнхимийн багш Ч.Баттулгатай ярилцлаа.

- Монголын боловсролын тогтолцоо болоод өнөөгийн төр засгаас хэрэгжүүлж буй  шинэчлэлийн бодлогын талаар та ямар бодолтой байна вэ?

Мэдээж хэрэг эерэг өөрчлөлт олон бий боловч бидэнд  боловсрол гэж юу вэ, ямар хүнийг боловсролтой гэх вэ, манай улсын боловсролын зорилго юу вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тогтоох, дээр доргүй нэрэлхэлгүй нэг мөр ойлголт, томъёололтой болох шаардлага зайлшгүй тулгараад байна.

- Тэгвэл та боловсрол, боловсролтой хүн, боловсролын зорилго гэдгийг яаж харж байна?

Эдгээрийг эрдэмтэн мэргэд эртнээс нааш  янз бүрээр тодорхойлсоор ирсэн төвөгтэй асуудал хэдий  ч бид нэг ойлголттой болж, үр хүүхдээ тийм  болгох зорилго, зорилт тавин ажилах учиртай. Сүүлийн үед боловсрол хэмээх үзэгдэл нь “хүн төвтэй” болох хандлага улам газар авсаар байна. Нийгмийн өөрчлөлт нь хувь хүний хөгжлөөс хамаардаг тул  улс орон болгон хүнээ аль болох багаас нь хөгжүүлэх зорилго  тавьж байна.

2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-д Азийн хөгжлийн банкны 20 сая, Монголын Засгийн Газрын 2,22 сая ам.долларыг зарцуулах ажээ.

Боловсролын зорилгыг  товчоор бие хүн төлөвшүүлэх явдал гэж тодорхойлж болно. Харин яг ямар хүнийг төлөвшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал юм. Бид, үндсэн хуулиндаа: “...эх орондоо хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно... Монгол улсын боловсролын тухай хуулинд “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан хэдий ч, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд боловсролын чанар, үр өгөөж төдийлэн сайнгүй байсаар ирлээ.

- Үүний шалтгаан нь юунд байна?

Үүний гол шалтгааныг сурган хүмүүжүүлэх ухааны доктор, эрдэмтэн Ц.Няндаг “сургалтын агуулга нь боловсролын зорилгоо биелүүлэхэд олигтой чиглээгүй, боловсролын үнэлгээний тогтолцооны үзүүлэлтүүд нь зорилгын биелэлтийг үнэлэхэд чиглээгүй, харин зорилготойгоо уялдаа муутай боловсруулсан агуулгын мэдлэгийг үнэлэхэд чиглэгдэж ирсэн” гэж маш онож хэлсэн. Бидний судалгаагаар, боловсролын зорилгоо ч оновчтой тодорхойлж ирээгүй тал ажиглагдаж байна.

- Харин ч сүүлийн үед хүүхдийг багаас нь монгол хүн болгоно, “зөв монгол хүүхэд” хөтөлбөр гээд их ярих болсон биш үү?

Хожуу ч гэсэн БШУЯ  “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болгох зорилт тавин ажиллаж буй нь нэн олзуурхууштай төдийгүй сургалтын агуулгыг  боловсролын зорилгод нийцүүлэх улмаар  сургалтын чанарыг дээшлүүлэх чухал алхам болсон.

Дээд боловсролын сургалтын байгууллагын тооны өөрчлөлт

Уг хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид “зөв монгол хүүхэд”-ийн шинж төрхийг тодорхойлсон байдаг. Гэхдээ би бол арга зүйн хувьд, “Зөв монгол” хүүхдийг тодорхойлохоос илүүтэй боловсролын хуулийн “оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай иргэн төлөвшүүлнэ гэсэн боловсролын зорилгыг “Зөв монгол хүүхэд” хөтөлбөртэй уяж өгөхийн зэрэгцээ монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлал, дэлхийн нийтийн сургалтын дэвшилтэд арга технологитой уялдуулуулан оновчтой тодорхойлох нь илүү үр дүнтэй гэсэн зарчмын санал дэвшүүлээд байгаа юм.

Ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны өв уламжлалыг орхигдуулж ирсэн нь ноцтой алдаа.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны өв уламжлал гэхээр...

Маш арвин. Ганцхан гол зүйлээс дурдвал, Монголчууд үр хүүхдээ:

                           “Номд мэргэн, нойронд сэргэг

                            Дайнд баатар, далайд усч

                            Үйлэнд уран, үгэнд цэцэн

                            Дээдэд зусаргүй, дордод ихэмсэггүй        

Хуулинд шударга, хуриманд цовоо” байх арван эрдмийг алцалгүй сайн эзэмд гэж сургадаг байжээ. Судлаачид энэ бол үр хүүхдээ эрдэм номтой, залхуу хойргогүй, эрэлхэг баатар, эрүүл чийрэг, хөдөлмөрч хичээнгүй, сэцэн шударга, дээдэд зусаргүй, ядуу дорд хүнийг хүнийг энэрэн хайрладаг, гоо сайхан хүн болгох гэсэн товч мэргэн тодорхойлолт, хүмүүжил төлөвшлийн мөрийн хөтөлбөр гэсэн байдаг.                       

- Үүнийг өнөөгийн манай боловсролын хуулийн зорилготой харьцууулан үзвэл ямар байна вэ?  

Манай одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй боловсролын тухай хуулийн боловсролын зорилго: оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ гэсэн заалт нь ихэд ерөнхий  шинжтэй байна. Тухайлбал: ёс суртахуун гэснээс ёс суртахууны яг ямар хүмүүжил олгох нь тодорхойгүй, мөн “зохих чадавхи”, “чадавхи, чадвар” зэрэг утга тодорхойгүй үгс ч оржээ.

- Одоо тэгээд яавал дээр вэ?            

Одоо боловсролын тухай хууль, боловсролын зорилгоо оновчтой тодорхойлохын тулд  гадны зарим улс орны боловсролын баримт бичиг, хууль тогтоомжтой харьцуулж үзэж, нарийн судлагаа хийж таарна. Хүний хөгжлийг онцгойлон анхаардаг, иргэд нь хөгжиж боловсорсоноороо дэлхийн эхний таван улсын нэгд тооцогддог Японы улсын холбогдох хууль тогтоомжинд боловсролын зорилгыг хэрхэн тодорхойлсон байдгийг  үзвэл:

 “Японы боловсролын зорилго нь “мэдлэгийг нь нэмэгдүүлэх”, “ёс суртахуун төлөвшүүлэх”, “бие бялдарыг хөгжүүлэх” гэсэн 3 цэгт төвлөрдөг байна. Өөрөөр хэлбэл, өв тэгш мэдлэгтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, эрүүл чийрэг бие бялдартай төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэгддэг. Энэ нь манай, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай иргэн төлөвүүлнэ гэсэн боловсролын зорилготой нийлж буй мэт боловч үнэн хэрэгтээ, японы боловсролын үндсэн хуульд боловсролын зорилго, зорилтыг зүйл бүрээр нарийвчлан зааж өгдөгөөс гадна Япончууд төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэх (Jinkaku no kansei o mezashi) асуудлыг боловсролын хуулийн гол зорилго болгосон байгааг бид онцгойлон анхаарах ёстой. Эцэст нь хэлэхэд, Манай улсын сургалтын агуулга нь боловсролын зорилгоо биелүүлэхэд чиглэгдээгүй байсан, одоо ч тийм байна. Боловсролын агуулгыг зорилгод чиглүүлж өөрчилж шинэчлэх үү, зорилгоосоо ухрах уу гэдэг зам л үлдэж дээ.