О.Баасантогтох: Чанаргүй боловсон хүчин олон бэлдсэнээс дээд боловсрол үнэгүйдсэн
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтохтой ярилцлаа.
- Боловсролын шинэчлэлийг эхлүүлэх болсны үндсэн шалтгааныг судлаачийн хувьд юу гэж харж байна?
Боловсролын шинэчлэлийг яамнаас өргөн хүрээнд зарласан ч одоогоор зөвхөн их, дээд сургуулиудын бүтцийг шинэчлэх түвшинд явагдаж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс сургалтын хөтөлбөр, агуулгад томоохон өөрчлөлт орно гэсэн мэдээлэл явж байгаа.
ШУА-аас ФСЭХ-ээс боловсролын шинэчлэлтэй холбоотой багш, судлаач, шинжээчдийн дунд санал асуулга явуулсан. Шинжээчид шинэчлэлийг хийж, боловсролын чанарт анхаарах цаг нь болсон гэж үзсэн. Ер нь өнөөдөр их дээд сургуулийн төгсөгчид мэргэжлийн чадвараас гадна хамт олонтой ажиллах, хэлний мэдлэгийн тал дээр ажлын шаардлага хангахгүй байгаа учраас дээд боловсролд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, зах зээл шинэчлэлийг шаардаж байна. Тухайлбал, 2007 оны “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” хүний хөгжлийн илтгэлээс харахад хөдөлмөрийн зах зээлд бий болсон нийт ажлын байрны 37 хувийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар эзэлж байна.
Харин барилгын салбарт 25 хувь, 12 хувь нь уул уурхайд бий болж байв. Тэгэхээр мэргэжилтэй ажилчид хөдөлмөрийн зах зээлд үгүйлэгдэж байна. Улсын хэмжээнд байгаа 99 их, дээд сургуулийн төгсөгч болгон эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний хооронд эрэлт нийлүүлэлтийн болон сонирхлын тохироо алдагдсан. Зах зээлээ мэдрэхгүй хэт их чанаргүй дээд боловсролтой хүмүүс бэлдсэний улмаас дээд боловсрол үнэгүйдсэн. Дээд боловсролтой цэвэрлэгч, худалдагч авна гэсэн зарууд байдаг нь ч үүнтэй холбоотой.
- Тэгвэл одоогийн шинэчлэл хэр зөв хийгдэж байна вэ?
Шинэчлэл нийгмийн хэрэгцээ, шаардлагыг гүйцэлдүүлж чадах уу гэсэн асуулт урган гарна. Жишээлбэл, Их дээд сургуулийн шинэчлэлийн талаар багш, судлаачдын дунд “хэт яарсан шинжтэй, улс төрийн зорилго давамгайлсан байдлаар хийж байна уу” гэх байр суурь бий болсоны зэрэгцээ боловсон хүчний чадавхи, сургалтын материаллаг бааз, сургалтын агуулга, санхүү төсөв гээд олон зүйл цэгцрээгүй байна.
ШУА-аас хийсэн судалгаагаар багш судлаачдын 81 хувь, төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн 84 хувь судалгаанд суурилсан их, дээд сургууль хэрэгтэй гэж дэмжсэн байна.
Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийн 61.2 хувь нь хагас дутуу бэлтгэл хангасан, цаашид хийх ажил их байгаа гэж үзсэн. Мөн шинэчлэлийн талаарх мэдээлэл нь зөвхөн шинэчлэл хийгдэж буй сургуулиудын хүрээнд (мэргэжилтнүүдийн 70.8%), мөн яамны түвшинд яригдаж (мэргэжилтнүүдийн 21.3%) байна гэсэн.
Нэг ёсондоо их дээд сургуулийн шинэчлэл бодитой, үр өгөөжтэй хэрэгжих үү гэдэгт эргэлзэх зүйл олон байна. Маш нухацтай, нарийн төлөвлөгөөний дагуу ажиллахгүй бол төлөвлөж байгаа, эсвэл гадаадын их дээд сургууль ингэж хөгжсөн гэж шууд хуулбарласан байдлаар асуудалд хөнгөн хуумгай хандвал дээд боловсрол төдийгүй Монголын оюуны салбар уналтад орох вий гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.
- Шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулиудыг идэвхтэй судалгааны төвүүд болгохоор тусгасан. Судалгааны үр дүнг цаг үеийн шаардлагаар амьдралд нэвтрүүлэх ямар механизм байх ёстой вэ?
Сургалт, судалгааг хослуулах нь зайлшгүй хэрэгтэй. Оюутнууд онолын мэдлэгээ практикт ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр чанартай мэргэжилтэн бэлтгэнэ. Харин гарааны компани байгуулах, инновацийн төслүүдийг тууштай хэрэгжүүлсэнээр судалгааны үр шимийг ашиглах, амьдралд нэвтрүүлэх боломж бүрдэх байх. Амьдралд өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ өөрсдөө бага зардлаар үйлдвэрлэдэг болох шаардлагатай. Хэрэв одоогийн шинэчлэлийн үр дүнд ийм болвол сайхан л байна.
Нэг харамсалтай зүйл ажиглагддаг. ШУА-ийн салбар хүрээлэнгүүд олон төрлийн суурь судалгаа хийдэг. Тухайлбал, Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс философи, улс төр, эрх зүй, социологи буюу нийгмийн суурь асуудлаар судалгаа хийдэг. Тэдгээрийн эцсийн үр дүн шинжлэх ухааны эргэлтэнд орж байгаа ч зарим санаа оноог нь практикт авч ашиглахаас илүүтэй технологийн санд хадгалж үлдээх нь элбэг. Төрийн бодлого, шийдвэрт аль нь хэрэгтэй вэ, алийг нь цаашид анхаарах вэ гэсэн хэрэглээний дадал гээгдсэн. Харин ч эсрэгээрээ монголын шинжлэх ухаан болохгүй байна, сөнөчихсөн, чадваргүй гэж шүүмжлэх хандлага давамгайлдаг. Суурь судалгааны хувьд шүү дээ.
Боловсролын байгууллагуудын хүртээмж.
Тухайлбал, ФСЭХ-ийн Социологийн сектороос “Залуучуудын амьдралын зорилго, үйл ажиллагаа” сэдэвт суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд “Монголын залуучуудын нийгмийн дүр төрх (XX-XXI зууны зааг дээр)” гэсэн номыг 2012 онд хэвлүүлсэн юм. Харин 2013 онд ХАХНХЯ-аас зохион байгуулсан "Залуучуудын хөгжилд хамтдаа" гэж аяны хүрээнд "Залуучуудын насны ангиллын асуудал" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тус хуралд оролцогсод “Монголын залуучуудын нийгмийн дүр төрх (XX-XXI зууны зааг дээр)” сэдэвт суурь судалгааны үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Энэ бол ерөнхий дүр зураг. Магадгүй энэ үед улс төрийн хүчин халаа сэлгээ явагдаад удаагүй байсан учир мэдээллийг олж үзээгүй байх.
Гэхдээ л эцсийн үр дүнд судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлээд үр ашгийг нь гаргаж чадахгүй бол хий хоосон ажил болох эрсдэлтэй. Үүний оронд шинжлэх ухааны суурь байгууллагаа хөгжүүлэх тал дээр анхаарвал илүү үр ашигтай. Захиалгат судалгааны хувьд захиалагч судалгааны үр дүнг шууд ашигладаг тул суурь судалгаанаас ялгаж үзэх шаардлагатай.
- Шинэчлэлтэй холбоотой ШУА-ийн бүтцэд өөрчлөлт орох болов уу?
Аливаа улс орон шинжлэх ухаандаа хөтлөгдөж хөгждөг. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхтэй холбоотой ШУА-ийн бүтцийн асуудал хөндөгдөж магадгүй гэсэн зарим нэг хардалтыг үүсгээд байгаа. Шинжлэх ухааны байгууллага нь аливаа улс орны оюуны цөм, толгой нь болдог учир ШУА-ыг хэвээр үлдээх нь зүйтэй. Харин ШУА-ын харъяа хүрээлэнгүүдэд ажилладаг туршлагатай докторуудаар их дээд сургуульд хичээл заалгах, судалгааны ажил дээр хамтрах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монголын шинжлэх ухааны хөгжилд төдийгүй оюутан залуучуудыг зах зээлд бэлтгэхэд илүү үр дүнтэй болов уу. Өнөөдөр ШУА болон их дээд сургуулийн хамтын ажиллагаа тасалдсан гэж болохуйц дүр зурагтай.
- Их, дээд сургууль хувийн хэвшлийн хооронд хамтын ажиллагааны ямар тогтолцоо байвал цаг үеийн шаардлагад нийцэх вэ?
Компаниудын тавьж буй шаардлагын түвшинд мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой байх. Оюутнууд суралцах хугацаандаа онолын мэдлэг эзэмшихээс гадна жижиг гэлтгүй төсөл боловсруулж, түүнийгээ практикт нэвтрүүлэх хэрэгтэй. Хэрэв оюутны санаачилсан төсөл аль нэг компанид хэрэгтэй бол тухай оюутан ажлын байранд санаа зовох асуудал гарахгүй. Мөн технологийн, үйлдвэрлэлийн аль ч компани бай оюутан, судлаачдыг санхүүжүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр хамтарч ажиллаж болно.
- Монгол Улс шинжлэх ухааныхаа салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг талаар судалгаа байдаг уу?
Угтаа ДНБ-ий 1.5 хувиас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж заасан байдаг. Одоо ойролцоогоор 0.2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Барууны болон азийн бар орнуудад ДНБ-ий хоёр болон түүнээс хувийг зарцуулдаг учир улс орон хурдацтай хөгжих түлхүүр болдог. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны хөгжил, түүний бодит үр ашиг гарахад нөлөөлөгч гол хөшүүрэг нь санхүүжилт. Санхүүгийн дэмжлэгийн үр дүнд шинжлэх ухаан хөгжих боломжтойн дээр улс орны хэмжээнд шинжлэх ухааны шууд болон дам үр ашгийг хүртэж хөгждөг.
Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувь. 2008 он
БШУЯ-аас “Төсвийн бус эх үүсвэрээр хэрэгжиж буй эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын судалгаа” сэдэвт судалгааг ФСЭХ-ээр энэ онд хийлгэсэн. Судалгаанд туршилт судалгаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, байгууллага, хувийн эрдэм шинжилгээний байгууллага, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш нарыг хамруулж үр дүнг тооцоход шинжлэх ухааны хөгжил доогуур, олигтой үр дүн гарахгүй байгаа нь нэгдүгээрт шинжлэх ухаанд зарцуулж буй санхүүжилт бага, хоёрдугаарт боловсон хүчний чадавхи, гуравдугаарт лаборатори, тоног төхөөрөмж өнөөгийн шаардлагад нийцэхээ байсантай холбоотой.
Санхүүжилт сайтай, тоног төхөөрөмж хангалттай газар монгол судлаачид шинэ нээлт, шинэ технологи олноор бүтээж байна. Харин Монголд судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг нэмж, шаардлагатай техник лабораториор хангавал монгол судлаачдад маш их нөөц чадавхи байгаа.