Эх орончдын баяраар М.Энхболд эрх баригчдад ташуур өглөө
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 93 жилийн ойг улс төрийн ууган хүчин МАН урьдын адил ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Тусгаар тогтнолын ордонд болсон баярын хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн ба түүний үгээс тус намын түүх, өнгөрсөн хугацаанд эх орондоо хийж бүтээсэн үйлс, цаашдынх нь зорилтыг тодорхой харж болохоор байв. Жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу Монголд улс төрийн нам анх байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэхээр 2004 онд УИХ-аас шийдвэрлэж байв.
Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, туурга тусгаар улсаа эмхлэн байгуулсан түүхэн үйл явдлын үнэ цэнийг үнэлж, үе үеийн эх орончдыг дурсч, өнөөдөр ч , цаашид ч эх оронч байхын утга агуулгыг илэрхийлж уг тэмдэглэлт өдрийг УИХ хуанлийн хуудаснаа онцлон зааж өгчээ. МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, “МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин” хэмээн тодотгосон юм.
Түүнчлэн ард түмэн, эх орныхоо төлөө амь биеэ үл огоорон тэмцэж ариун үйлс бүтээсэн, хэлмэгдэж хохирсон эрэлхэг эх орончдынхоо гавьяа зүтгэл, мөнхийн дурсгалыг хүндэтгэн, гишүүд, дэмжигчид, нийт ард түмнийхээ ой дурсамжид сэргээн сануулах нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн залгамжлагч бидний зүй ёсны үүрэг, бахархан тэмдэглэх бүрэн эрх гэдгийг тодотголоо. Сөрөг хүчин МАН-ын хувьд улс орны язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, чиглэлээ гарган ажиллаж байгааг мөн хэлсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 30 гаруй хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлжээ.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 30 гаруй хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлжээ. Энэ бүхэн эрх баригчдын бодлогын алдааг засахад чиглэж байгаа аж. Ард иргэдийн цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын болон Засгийн газрын өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, Засгийн газрын зарим гишүүн, сайд нарын алдаатай бодлогын улмаас эдийн засаг, төсөв, санхүү хүндэрч ард иргэд хохирч, ядуурал улам нэмэгдэж байгааг зогсоох талаар УИХ дахь олонхийн бүлэг, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд байна.
Гэвч эрх баригчид “шинэчлэл” нэрийн дор хуулийг уландаа гишгэн, олонхиор хүч түрэн асуудлыг зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа М.Энхболд хэлсэн үгэндээ онцолж, буруу булхай үйлдэл бүхэнтэй нь эвлэршгүй тэмцэхээ хэлсэн юм. Эрх баригчид түүхийг гуйвуулж, зохиомол түүхээр ард түмний тархийг угаах оролдлого хийж байгаа болон байгуулагдаад хоёрхон жил болж байгаа улс төрийн нам ХХ зууны хөгжлийн түүхийг сорчлон өөртөө хамаатуулж, олон түмнийг төөрөгдүүлэх зорилгоор сурталчилгаа явуулж байгааг улс төрийн увайгүй үйлдэл гэж үзэхээс аргагүй гэдгийг ч хэллээ.
Энэ мэт Эх орончдын өдрөөр эрх баригчдын олон зүйлд МАН-ын дарга М.Энхболд шүүмжлэлтэй хандаж, нэг үгээр ташуур өглөө. Эх орончдын өдөр, МАН байгуулагдсаны 93 жилийн ойг угтаж МАН шилдгүүдээ тодруулж, шагнасан юм. 2013 оны “Шилдэг намын байгууллага”-аар Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороо шалгарчээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Хэнтийчүүд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хамгийн өндөр санал өгсөн нь шилдгээр шалгарах үндэслэл болсон гэнэ.
Мөн 2013 оны “Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт амжилттай зохион байгуулсан намын байгууллага”-аар Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Булган, Говь- Алтай аймгийн Намын хороод тус тус шалгарав. “Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллага”-аар Дархан- Уул, Өвөрхангай аймгийн намын хороод тодорсон бол “Бүтээлч намын байгууллага”-аар Сэлэнгэ аймаг, нийслэлийн МАН-ын хороод шалгарчээ.
Мөн Улсын тэргүүний намын үүр 30-ийг шалгаруулж, шагналыг гардууллаа. Эх орончдын өдрөөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын тус намын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.