С.Бямбацогт: Шилний цаанаас чихэр долоолгож, цаасан дээрх өсөлтийг ярих шаардлагагүй
УИХ дахь МАН-ын бүлгээс валютын ханш хяналтаас гарч, Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлах чадамжгүйд хүрсэн хэмээн мэдэгдэв. Харин энэ бүхнийг даван туулахад эрх баригч хүчин цөөнхтэй хамтран ажиллаж, зөвшилцлийг бий болгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэсэн юм. Тиймээс энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ шинээр бүрдсэнээс хойш эрх баригчид цөөнхийн үгийг сонсохгүй гэдэг “зарчим” барьж байгаа гэхэд болно. Харин улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад цөөнхтэй хамтрах болов уу гэдэг эргэлзээ байна. Яагаад гэвэл валютын ханш өмнө нь огцом өсөхөд ийм байдал гаргаагүй. Нөгөөтэйгүүр танай бүлгээс тавьж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих болов уу гэдэг байна?
-Татвар төлөгч, бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого явуулах ёстой. Гэтэл өнөөдөр дарамталсан, айлгасан, сүрдүүлсэн бодлого явуулснаас болж Монгол Улсын баялаг бүтээгчид татвар төлж чадахгүй хэмжээнд хүрч байна. Тэгэхээр үүнд анхаарал тавих нь чухал. Ер нь ард иргэд, бизнес эрхлэгчдэд ялгавартай хандсан бодлого явуулснаас болж Монгол Улсын хэмжээнд улс төржсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна.
-Тэгвэл ямар бодлого явуулж байж баялаг бүтээгчдийг дэмжих вэ?
-Улс төржсөн байдлыг зогсоогооч гэдгийг манай намын бүлгээс тавьж байгаа. Аль болох асуудлаа зөвшилцдөг. УИХ дахь сөрөг хүчинтэйгээ асуудлыг ярилцаж, ойлголцдог бодлого баримтлах нь чухал гэдгийг тавьж байна. Өнөөдөр яах аргагүй нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч байгаа.
Тиймээс бид цаашид хямрал, санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг ард түмэн, УИХ дахь нам, эвслүүдтэйгээ хамтраад шийдэхгүй бол болохгүй. Алийн болгон иргэдийг хуурах вэ. Шилний цаанаас чихэр долоолгож, цаасан дээрх өсөлтийг ярих ч шаардлагагүй. Ингэх ч шаардлага байхгүй. Тийм болохоор бодит зүйлийг нуулгүй, сөрөг хүчинтэйгээ ажиллаач гэдэг шаардлага тавьж байна.
-Өмнө нь ам.долларын ханш огцом өсөхөд УИХ-аас Засгийн газарт тогтворжуулах бодлого боловсруулахыг үүргэдсэн. Харамсалтай нь Засгийн газар энэ асуудал дээр хойрго хандлаа. Үүний нөлөөгөөр ч ам.долларын ханш буцаад өслөө. Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох алхам биш үү?
-Бид хариуцлагагүй ажиллаж байгаа албан тушаалтан бүрт хариуцлага тооцно гэдэг асуудал ярьж байгаа. Хариуцлага тооцоно гэдэг нь огцруулахаас гадна өөр арга хэмжээ бий. Тийм болохоор бүхий л түвшинд хариуцлагын асуудлыг тавина.
-Ингэхэд таны хувьд хурууны хээгээр ирц бүрдүүлж, санал өгч байх хуулийн төслийг өргөн бариад жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ хуулийн төслийг эргэн татсан гэсэн зүйл байна. Ямар учраас ингэх болов?
Харин ирцийн асуудлыг хуулиар биш өөр байдлаар тодорхой хэмжээнд сайжруулахаар ярилцсан.
-УИХ-ын чуулган, байнгын хороодын ирцийг бүрдүүлж, хуралдааныг цаг хугацаанд нь зохион байгуулах үүрэг бий. Энэ нь УИХ-ын болон байнгын хороодын дарга нарт байдаг. Харамсалтай нь УИХ байгуулагдсан цагаасаа хойш чуулганы болон байнгын хороодын хуралдаан цагтаа эхлэхгүй байгаа. Тэр байтугай ирц хүрэхгүйгээс болж олон удаа хойшилж байсан. Үүнийг л таслан зогсоох гэж нэр бүхий гишүүд хамтраад УИХ-ын гишүүний ирц бүрдүүлэлт, санал өгөлтийг хурууны хээгээр өгдөг болъё гэж хуулийн төсөл санаачилсан.
Өөрөөр хэлбэл, хэн хэгний өмнөөс кноп дарахаа болъё, нэг хэсэг нь хувийнхаа ажлыг амжуулдаг байж болохгүй гэдгээр хандсан. Харамсалтай нь эрх баригч намын гишүүд. Тухайлбал, С.Баярцогт гишүүн “Энэ хууль буруу, унагана” гэсэн. Асуудал нь унагах байсан учир УИХ дахь АН-ын бүлгийн дарга зэрэг хүн энэ хуулийг татаж, оронд нь өөр хуулийн төсөл санаачлан өргөн барьсан.
Харин унагана гэсэн С.Баярцогттой хамтраад Д.Эрдэнэбат гишүүн бид УИХ-ын гишүүдийн саналыг хэн нэгэн өмнөөс нь өгдөггүй байх хуулийн төсөл санаачилсан. Харин ирцийн асуудлыг хуулиар биш өөр байдлаар тодорхой хэмжээнд сайжруулахаар ярилцсан. Гэтэл ийм байдлаар асуудлыг ярьж байтал З.Энхболд дарга УИХ-ын үйл ажиллагаанд МАН-ын бүлэг дүгнэлт хийж, хангалтгүй дүн тавьсанд нь уурласан уу, эсвэл гомдсон байдлаар мушгиж тайлбарласан байлаа.
-УИХ-ын дарга “С.Бямбацогт гишүүн хурууны хээгээр ирц бүрдүүлж, санал өгөх хуулийн төслөө татсан” гэсэн нь түүний хувьд шоу хийсэн хэрэг үү?
-УИХ-ын дарга асуудлыг мушгиж тайлбарласан байлаа. Бодит байдал дээр С.Баярцогт гишүүн уг хуулийн төслийг унагаасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр хүндгүй байдлыг улам цааш үргэлжлүүлэх, чуулганы хуралдааныг байнга тасалдуулж байх асуудлыг тавьсан учраас бид татаж аваад өөр хууль санаачилж өргөн барьсан.
Үүнийг АН-ын бүлгийн Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар харилцан ярьж байж тохиролцсон асуудал. Бусдаар бол хэн нэг С.Бямбацогт гэдэг хүн дангаараа санаачилсан хуулиа татаж авсан асуудал байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.