О. Баасанхүү: Манай  Д.Тэрбишдагва гурван давхар дээлэндээ түүртээд л яваа хүн дээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.02.26

О. Баасанхүү: Манай Д.Тэрбишдагва гурван давхар дээлэндээ түүртээд л яваа хүн дээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Улс төрийн хүрээнд МАХН хамгийн сонирхолтой сэдэв болоод байна. Энэ намыг татан буулгах ч гэдэг юм уу, эсвэл гишүүд дэмжигчид нь хоорондоо зодолдох ч гэдэг юм уу. Янз бүрийн л мэдээлэл гарч байна. Ингэхэд МАХН дотор яг юу болоод байгаа юм бэ?

-Тийм хэдэн хүн байгаа. МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооныхон гээд. Тэр хүмүүс МАХН-ыг татан буулгая гэж яриад яваад байгаа. Энд нэг зүйлийг та бүхэн сайн анзаараарай. Зорилго нь МАХН-ыг дэмжих байгууллага, тэгсэн хэрнээ МАХН-ыг татан буулгана гээд яриад явна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бол зүгээр л хошин шог.

МАХН-ыг дэмжих зорилготой байгууллага эсрэгээрээ ажиллаж байгаа энэ процесс бол хувь хүнтэй холбоотой. Шуудхан хэлэхэд, манай Д.Тэрбишдагва даргын улс төрийн гэх үү, эсвэл төрийн албаны сонголт л ийм байдалд хүргэсэн. Намын дэд дарга маань зөв шалгуураар сонголт хийж чадаагүйг энэ бүх үйл явдал харуулж байгаа юм.

-Юу гэсэн үг вэ?

-Тэр юм яриад явж байгаа хоёр хүний нэг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга байсан. Нөгөө нь Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн ч бил үү дарга байсан юм билээ. Хоёулаа манай Д.Тэрбишдагва сайдын харьяа агентлагт байсан хүмүүс. Одоо ажилгүй. Тэгэхээр энэ бол намын асуудал гэхээс илүүтэй хувь хүнтэй холбоотой.

Гэхдээ тэр хүмүүс нь анх яаж ажилтай болсныг би мэдэхгүй. Бас яагаад ажилгүй болсныг нь ч мэдэхгүй. Ямар ч байсан энэ бол тэр хүмүүсийн хоорондын асуудал гэдэг нь л тодорхой байгаа юм. Нам энэ хүмүүсийг ажилтай болго гээгүй, ажилгүй болго ч гээгүй. Ер нь бол МАХН-ын боловсон хүчний бодлогыг намын дэд дарга зөв тодорхойлж чадахгүй байгааг л харуулж байгаа бодит жишээ бол энэ. Онигоотой байдалд л орлоо доо.

 -Тэр хүмүүс халагдсан бухимдлаа л тайлах гээд яваад байгаа юм байна. Тийм үү?

Ер нь бол МАХН-ын боловсон хүчний бодлогыг намын дэд дарга зөв тодорхойлж чадахгүй байгааг л харуулж байгаа бодит жишээ бол энэ.

 -Ядаж би тэр Г.Баярсайхан гэдэг хүнийг гайхаад байгаа юм. Өөрөө МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн гээд МАХН-ыг татан буулгана гээд байх том. Бүр больё гэхэд Г.Баярсайхан жирийн иргэнийхээ хувьд тийм асуудал тавих ёстой. Ер нь бол манайд МАН- ын угшилтай, МАН-ын хаягтай хүмүүс олон бий дээ. Тийм хүмүүс МАХН гэсэн худлаа нэрээр энд тэндгүй төрийн албанд шигдсэн байгаа юм. Тэрний гай л 2016 оныг угтаад одоо гарч байгаа хэрэг.

Тэгээд ч энэ дөрөвдүгээр сард МАХН засгаас гарч Ардын намынхан .МАНАН-гийн Засгийн газрыг дахин байгуулах юм гэнэ лээ. Эд нар чинь албан тушаалгүй байж сураагүй хүмүүс шүү дээ. Тиймээс аль ч намын нэрээр хамаагүй албан тушаалтай болох л зорилготой. Түүнээс нэг өдөр ч эгэл амьдралаар амьдарч, гудамжинд гарч амьдралыг бодитоор харж чаддаггүй. Тийм учраас л өнөөдөр засаг огцруулах яриа гарч, МАХН- ыг оролдоод байгаа юм.

Даанч тэрэнд нь Д.Тэрбишдагва дарга өгөөш болоод байх юм даа. Уг нь эхнээсээ МАН-ын хүмүүсийг биш МАХН-ын хүмүүсээ албан тушаалд томилсон бол ийм байдал үүсэхгүй л байсан. Нөгөөтэйгүүр намаа татан буулгана гээл байгаа энэ хүмүүс өмнө нь бүгд л манай МАХН гээд явж байсан. Цэрэндорж гуайг би юм. Н.Энхбаяр даргыг баривчилсны дараа намынхан уулзахад “Намын даргыгаа бариад явж байгаа машинд дайруулж үхээгүйдээ харамсч байна” гээд л уйлж байсныг нь санаж байна. Г.Баярсайхан бол Н.Энхбаяр даргыг бариад аваад явчихлаа яах вэ гэж байсан. Харин Ганзоригийг нь сайн мэдэхгүй юм.

-Тэгэхээр энэ бүх процесс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын болохгүй, бүтэхгүй шийдвэрээс болсон гэсэн үг үү?

-Энэ хүний ажил болохгүй байгаа гэхээс илүү завгүй байгаатай нь холбоотой гэж би боддог юм. Манай Д.Тэрбишдагва дарга чинь гурван давхар дээлтэй хүн ш дээ. Хэцүү л байдаг байх. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дэд дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн.

Энэ ачаандаа ч түүртдэг байх. Үүрээр ажилдаа гараад, шөнө дунд л гэртээ харьдаг гэнэ лээ. Уг нь хүн биеэ бодох хэрэгтэй ш дээ. Өөртөө цаг заваа зориулах ёстой. Хамгийн гол нь нэг юман дээрээ төвлөрөх хэрэгтэй. Тэгж л бодож байна. Түүнээс Д.Тэрбишдагва даргыг шүүмжилж байгаа юм биш шүү. Энэ хүн хэтэрхий завгүй байгаа учраас хяналтаа алдчихаад байгаа юм.

-Сая та МАНАН-гийн засаг байгуулагдах нь гэлээ. Ямар учиртай үг унагачихав аа?

-Их сонин ш дээ. МАН дотор болж байгаа юмыг МАХН-ынхан, МАХН дотор болж байгааг МАН-ынхан мэдчихдэг юм. Нэг угшилтай намуудын давуу тал нь энэ. Хөшигний цаана болж байгаа юмыг мэдчихдэг. Миний авсан мэдээллээр МАН-ын залуус дахин МАНАН байгуулахыг дэмжихгүй байгаа юм билээ. Харин архагууд нь дахиад МАНАН байгуулна, гэхдээ бид биш залуус та бүхэн сайд бол гээд байгаа гэсэн. Засагт нь орох гэсэн залуус тэгэхээр МАНАН-г байгуулах гэж л зүтгэнэ ш дээ. Энэ бол ойлгомжтой. АН- ын фракцуудтай ч ойлголцсон юм билээ.

-Та чуулган завсарласан энэ хугацаанд юу хийж байна вэ?

-Удахгүй орон нутгаар явна. Сая хуульчдын багтай суулаа. 10-аад хуулийн төсөл УИХ-д өргөн барих гээд хэсэг суусан юм. Хаврын чуулганд багтаад өргөн барина аа.

-Таныг Солонгос явсан гэж сонссон юм.

-Эрүүл мэндийн шалтгаанаар явсан. Тэнд очоод эмчилгээ хийлгээд ирсэн.

-Н.Энхбаяр даргатай уулзах гэж яваагүй юм уу?

-Зорилго нь бол Н.Энхбаяр даргатай уулзах байгаагүй. Гэхдээ нэгэнт л Солонгост очсон юм чинь намын даргатайгаа уулзалгүй яах вэ. Санал бодлоо солилцсон.

-Намын даргын тань бие гайгүй юу?

-Даргын биеийн байдал сайжирч байгаа л гэж би ойлгож байгаа. Гэхдээ гайгүй гэдгийг нь эмч л хариулах байх.

-Тэр хүнд Монголд ирэх зорилго байгаа юм болов уу. Та энэ талаар ярилцсан уу?

-Монголдоо ирэх зорилго байгаа юм уу гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энд байхыг хүсч байгаа нь мэдээж шүү дээ. Ер нь бол одоо ирэх цаг нь ойртоод байгаа юм байна гэж би ойлгодог шүү. Яагаад гэвэл, тэр хүн рүү ирэх дайрлага улам л ихсээд байна. Тэр хүнийг дайрч, доромжилж, гүтгэж эхэлж байна. Тэгэхээр энэ хүн ирэх нь ойртож, нөгөө олигархиуд нь айж сандарч эхэлж байгаа юм байна гэж ойлгосон. Би Н.Энхбаяр даргатай уулзаад “Та яагаад өөрийгөө хоригдсон гэж боддог юм бэ” гэж асуусан л даа.

Надад “Энэ төрд чинь байгаа С.Баяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд, Д.Дорлигжав гээд бүгдээрээ бохир. Би ч тэр бохируудын нэг нь. Харин 2007 оноос би бүх албан тушаалыг аваад, бүх эрх мэдлийг хашиж үзсэн. Тэгээд ингэж амьдарч болохгүй юм байна гээд шударга байя гэсэн. Ингэсэн чинь нөгөө хэд намайг танихаа больчихсон. Тэгээд л тал талаас хавчиж эхэлсэн. Гүтгэсэн. Одоо бол миний зорилго улс төрд албан тушаал авах биш.

Энд байгаа бохир хүмүүсийг өөрчлөх” гэж хэлсэн. Бас надад Баасанхүү минь чи гишүүн боллоо гээд хэн нэгнээс мөнгө авав. Мөнгө өгөхөөс өмнө тэр хүмүүс боол байдаг, мөнгө авчихвал чи боол нь болдог юм. Маш болгоомжтой яваарай гэж захиж байна лээ.

-Н.Энхбаяр дарга ирэх юм уу гэж асуусан нь учиртай л даа. Танай намын нэг нь Н.Энхбаяр даргыг Монголд ирэх гээд явж байгаад Бээжингээс буцсан гэх юм. Энд ирвэл тэр хүнд дахиад олон хэргүүд тохох гээд байгаа юм биш үү. Та тэр хүний өмгөөлөгч нь байсан хүний хувьд бүх “хэрэг”-ийг нь мэдэж байгаа биз дээ.
Мөнгө өгөхөөс өмнө тэр хүмүүс боол байдаг, мөнгө авчихвал чи боол нь болдог юм.

 -Улс төрийн хоригдолд юу ч нааж болно ш дээ. Энэ бол дэлхийд байдаг зүйл. Юу гэж ч гүтгэж болдог. Гэхдээ Н.Энхбаяр даргын хувьд хоригдохоос, гүтгэгдэхээс айхгүй байгаа. Харин тэр хүний айдас нь энэ “мангас”- ууд ард түмнийг эзлээд, шинэ хүмүүсийг гарч ирэхээс нь өмнө дарчих вий гэдгээс л айж байгаа.

Миний хувьд Бээжингээс буцсан уу, энд хэрэг үүссэн үү гэдгийг үнэндээ мэдэхгүй. Угаасаа хэрэг үүсэх ёсгүй л гэж би хэлнэ. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр байгаа. Н.Энхбаяр гэдэг хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ялаас чөлөөллөө гэсэн зарлиг гаргасан.

-Гадуур МАХН-ыг Н.Энхбаярын, Д.Тэрбишдагвын гэж хоёр хувааж ярих боллоо. Энэ хоёр хүн зөрчилдөөд эхэлсэн юм биш үү?

 -Тийм юм байхгүй ээ. Хоёр хуваагдах шалтгаан угаасаа МАХН-д байхгүй. Харин хоёр хуваах хүсэлтэй хүн л бусад намд байгаа байх. Мэдээж бүх намын адил манайд дотоод зөрчил, өрсөлдөөн бол бий.

-Сая гавьяат С.Батцэцэг МАХН-д орлоо, ороогүй гээд бөөн л яриа болж байна. Ер нь танай намд орсон юм уу?

-Батцэцэгийг би хувь хүнийх нь хувьд танихгүй. Харин цэргийн хүн гэдгийг нь мэддэг. Хилийн цэргийн хувцастай зургийг нь ч интернэтээс харсан. Тамирчин хүн гээд хүндэлдэг. Гэвч цэргийн хүн намд элсч болохгүй. Хуулиар тэр хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хэрэв үнэхээр л сонголт хийсэн бол тэрийгээ яагаад гэдгээ тайлбарлах ёстой.

Түүнээс биш би санамсаргүй тэглээ, ингэлээ гэж болохгүй ш дээ. 18 нас хүрсэн л бол та ч, би ч өөрийн гэсэн хариуцлагатай л байх ёстой. Ямар гарыг нь хүлж байгаад намын батлах халааслуулсан биш. Ер нь бол тэр хүн өөрөө анкетаа бөглөөд, гарын үсгээ зураад батлахаа авчихсан. Тэр нь хууль зөрчсөн үйлдэл болохыг дараа нь мэдээд сандраад л явж байгаа юм. Өөр зүйлгүй.