“Жишиг Сум” Хөвсгөл аймагт олон байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.27

“Жишиг Сум” Хөвсгөл аймагт олон байна

Монгол Улсын засгийн газраас 2014 онд 16 аймгаас тус бүр нэг сумыг онцлон Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд “Жишиг сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Энэхүү төсөлд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум хамрагдаж 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон байна. Төрийн албан байгууллагууд нэгдсэн халаалттай болох, ашиглалт дуусаж, эрүүл ахуйн шаардлага хангахаа байсан төрийн үйлчилгээний байгууллагуудын орчин нөхцлийг сайжруулах, иргэдийн эрүүүл мэндийн болон боловсролын үйлчилгээг сайжруулахад уг хөрөнгө зарцуулагдана.

Цэцэрлэг сумын хувьд хүн ам ихтэй, аймгийн төвөөсөө 209, нийслэл хотоос 900 орчим км алслагдсан, тус сумын төвөөс 20 орчим км-т Могойн голын томоохон нүүрсний ордт оршдог нь иргэдийг ажлын байраар хангах, баруун бүсийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэр болно гэж тооцогддог байна. Цэцэрлэг сум ойрын хугацаанд “Жишиг сум” болсноор иргэдийн ахуй амьдралд эрс өөрчлөлт орж, амьдрах орчин нөхцөл сайжрана гэж сумын удирдагууд үзэж байна.

Хөвсгөл аймгийн хүн ам ихтэй Рэнчинлхүмбэ, Тариалан, Жаргалант, Цагаан-Уул, Галт зэрэг сумдын удирдлагууд, иргэдээс дараагийн ээлжинд “Жишиг сум” төсөлд хамрагдах шаардлага байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар уламжлуулан Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр болсон байна.