С.Эрдэнэ: Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, шуурхай хүрэх боломж бүрдлээ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.02.24

С.Эрдэнэ: Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, шуурхай хүрэх боломж бүрдлээ

Нийслэлийн ууган дүүргийн нэг болох Баянгол  дүүрэг нь 2.9 га газартай бөгөөд 52 мянган өрх аж төрдөг өнөр дүүрэг.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 50 жилийн өмнө сургуулийн дотуур байрны зориулалттай баригдсан байр байсан юм. Гэсэн ч төрийн үйлчилгээг түмэнд хүргэх зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар өнөөдрийг хүрсэн.

Баянгол дүүргийн хувьд байрны багтаамжаас хамаарч нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн ч төгс үйлчилгээ үзүүлэх боломж хомс байсан бол өнөөдөр тус дүүргийн Тамгын газрын өргөтгөлийн шинэ байрны нээлт боллоо.

Уг арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо болон дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:

“Баянголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн үйлчилгээг иргэд чирэгдэлгүй, нэг цэгээс авч байх учиртай. Баянгол дүүрэг нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж байгаад талархаж байна.

Үүдээ нээж буй энэ байранд тангараг өргөсөн төрийн албан хаагчид иргэддээ шуурхай үйлчлэн, баянголчууд сэтгэл өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье” хэмээн хэлэв.