Шадар сайд Д.Тэрбишдагва Увс аймагт ажиллаж байна
Увсчууд өчигдөр битүү худалдааны төвтэй боллоо. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй аймгийн төвүүдийн худалдааны төвийг бизнес эрхлэгчид болоод худалдан авагчдын ажиллах, үйлчлүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд зарим аймагт битүү худалдааны төв барьж байгаа билээ.
Энэ санаачлагын нэг нь өчигдөр ажил хэрэг болж увсчууд битүү худалдааны төвтэй болж байгаа юм. Энэ ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нарын удирдлагууд оролцсон. Энэ үеэр Д.Тэрбишдагва “Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Увс аймагт худалдааны битүү төв барих асуудал биелэлээ олж, 300 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ худалдааны төв ашиглалтад орж байна.
Увсчууд бидний энэхүү санаачлагыг талархалтай хүлээж авч байгаад баяртай байна. Ялангуяа, Увсын ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах тохилог орчин бий болгох Засгийн газрын ажил хэрэгжиж байгаа нь талархууштай хэрэг шүү” хэмээн онцолсон. Харин аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн “Манай худалдаачид өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халуун өдрүүдэд гадаа зогсож бараагаа зардаг нь өнөөдрөөс дууслаа. Битүү захаа барихад тийм ч амар байсангүй. Улс төржилт, хийрхэл, бүтээл санаачлагыг маань унагах гэсэн олон явуургүй ажил байсныг онцлох ёстой.
Битүү захыг дагаад 370 гаруй худалдаа эрхлэгчдээс гадна 50 гаруй хүн нэмж ажилтай болох боломжтой
Гэхдээ бид чадлаа. Орчин үеийн шаардлагад нийцсэн энэ төвдөө увсчууд та бүхэн өргөнөөр үйлчлүүлж байгаарай” гэв. Энэ худалдааны төвийг барихад Засгийн газраас гурван тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд барилгын ажлыг “Ус-Орчин” хэмээх компани гүйцэтгэжээ. Аймгийн удирдлагуудын хэлж байгаагаар энэ төв нь 3000 метр квадрат бөгөөд 370 гаруй худалдаа эрхлэгч үйлчилгээ эрхлэх боломжтой юм байна.
Битүү захыг дагаад 370 гаруй худалдаа эрхлэгчдээс гадна 50 гаруй хүн нэмж ажилтай болох боломжтойг Увсын Засаг дарга Д.Цэндсүрэн хэллээ. Шадар сайд Д.Тэрбишдагва битүү худалдааны төвийн нээлтэд оролцсноос гадна аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа болон өөрийн салбарын онцгой, мэргэжлийн хяналт, худалдан авах газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс аймгийн 10 гаруй суманд ажиллалаа.