Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Галт зэвсэг
2014.02.26

Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.09 / өргөн барив.

Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд Зэвсэгт хүчин, бусад цэрэг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.

Дээрх хуулийн төсөлд галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилсан ба иргэний харуул хамгаалалтын ангилалд хамаарах жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталж байхаар хуулийн төсөлд тусгасан тухай хууль санаачлагч тайлбарлав. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд нь худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг 28 зүйлтэй бөгөөд уг хуулиар Монгол Улсад хуулийн этгээийг шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Мөн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахдаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй субьект болох цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын албаны алба хаагчийн давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллгаандаа баримтлах зарчмыг зэвсэгт хүчин зэрэг хүчний байгууллагаас ялгаж салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл баталгааг дээшлүүлэх, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинээр байгуулагдах “мөрдөх алба”, “тахарын алба”-ны алба хаагчийн эрх зүйн байдлыг шинээр зохицуулахаар тусгасан гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.