Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг зохицуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн /2011.04.29/ хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэрбигшдагва, Ө.Энхтүвшин нар санаачлан боловсруулж 2010 оны долдугаар сарын 08-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг гишүүн С.Бямбацогт хийсэн танилцуулгадаа, гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах явдал бөгөөд эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон улс төрийн зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй салбарууд нь ихэвчлэн тухайн улсынхаа стратегийн ач холбогдол бүхий салбар байдаг байна. Манай орны хувьд үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа, бусад үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авч шууд хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгж, салбар төлөөлөгчийн газраа дангаар буюу хамтарсан компанийн хэлбэрээр байгуулах, хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хийх зэрэг асуудлууд хуульчлагджээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор зааснаас үзэхэд цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк, санхүү зэрэг улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг санаачлан боловсруулснаа дурдав.
Олон улсад эрх зүйн хэм хэмжээ, практик нэлээд байдаг бөгөөд ОХУ 2007 онд Улс орны батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг баталж, ХБНГУ 2007 онд гадаадын хөрөнгө оруулагч стратегийн компаниудад хувьцаа эзэмшихийг хязгаарласан өөрчлөлт оруулсан байна.
Уг хуулийн төсөл нь дөрвөн бүлэг, 17 зүйлтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй бөгөөд стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдэд хяналт тогтоосноор улс үндэстний язгуур эрх ашигт шууд нөлөөлөхүйц томоохон хэмжээний ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулагч нар бусад орны Засгийн газрын болон түүний төлөөллийн компани, хуулийн этгээдэд хувьцаагаа зарах тохиолдолд Засгийн газрын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг журамд шилжих юм байна.
Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тухай санал дүгнэлтийг гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Б.Батбаяр, Я.Батсуурь, Ж.Батсуурь, Ц.Цэнгэл, Ц.Даваасүрэн, П.Алтангэрэл, Н.Ганбямба, Р.Раш, Д.Очирбат, Ц.Сэдванчиг, Д.Оюунхорол, А.Тлейхан нарын гишүүд асуулт асууж хариулт авав. Гишүүд хуулийн төсөл нь Гадаадын хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын, Цөмийн энергийн зэрэг хуулиудтай хэр уялдаж байгаа, хуулийн төслийн нэр оновчтой эсэх, бие даасан ийм хууль гаргах зайлшгүй шалтгаан байгаа эсэх, төсөлд тусгасан жагсаалтад эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн чухал салбаруудыг яагаад оруулаагүй, бусад хуульд бүлэг болгож өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг тусгаж болох эсэхийг төсөл санаачлагчаас тодруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт учруулах, эргэлзээ болгоомжлол төрүүлэх бас нэг хууль гаргахчихгүйн тулд нухацтай хандаж сайн нягталж боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтын талаархи эрх зүй, татварын орчноо аль болох удаан хугацаанд тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэйг хэлж байв.
Төсөл санаачлагч С.Бямбацогт Монгол Улсын үндэсний аюулгүй үзэл баримтлалд тулгуурлан улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор бие даасан ийм хууль гаргах зайлшгүй шаардлага тулгараад байгаа, олон оронд салбарын хуулиас гадна бие даасан ийм хуулиар үндэсний аюулгүй байдлын асуудлаа зохицуулсан байдгийг хэллээ. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэл гишүүдийн гаргасан саналуудыг хэлэлцүүлгийн дараагийн шатанд төсөлд тусгаж сайтар нягтлах боломжтой гэдгээ ч хэлэв.
Ингээд хуулийн төслийг дэмжих эсэх талаар гишүүд саналаа хэллээ. Тухайлахад гишүүн Ц.Сэдванчиг гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжийг татахад хууль тогтоомж, татварын тогтвортой байдал чухал учраас хөрөнгө оруулагчдыг үргээчихгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулаад хуулийн төслийг дэмжив. Гишүүн Х.Жекей хуулийн төслийн нэрнээс эхлээд анхаарах зүйл олон байгааг хэлэлцүүлгийн дараагийн шатанд засч бусад хуультай уялдуулах, ер нь хөрөнгө оруулалтыг хязгаарлах чиглэлд болгоомжтой нухацтай хандаж аль болох тэнцвэртэй байлгахад анхаарах нь чухал гэлээ. Харин гишүүн Э.Бат-Үүл стратегийн ач холбогдолтой ордын хувьцааны арваас доошгүй хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах хуулийн заалтыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжлээд энэ асуудлыг шалгаж нягтлах ажлын хэсэг байгуулахыг санал болгов. Түүний саналын дагуу Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг шалгаж нягтлах ажлын хэсэг гаргаж ажиллуулах үүргийг УИХ-ын дарга өглөө.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 27 нь буюу 76.5 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Энэ хуулийн төсөл нь наанаа энгийн мэт боловч цаанаа улс орны эрх ашигтай холбоотой бодлогын чанартай олон асуудлыг хамарч байгаа тул байнгын хороо нухацтай хандаж дараагийн хэлэлцүүлэгт сайтар боловсруулж оруулж ирэхийг УИХ-ын дарга анхаарууллаа.