Цахим дэлгүүрийг 4 дүгээр сард нээнэ
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 1-ний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахыг Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газарт даалгаад байгаа юм.
Ажлын явцын талаар өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар тус газраас мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ жил 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас 141-ийгнь Худалдан авах ажиллагааны газар хариуцна. Өнөөдрийн байдлаар 47 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарласан, 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулсан, 13 тендер огт зарлагдаагүй байна. Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай байна гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргал хэллээ.
Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу 4 дүгээр сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтыг бүрэн дуусгахын төлөө ажиллаж байна. Гэвч яам, агентлагуудтай холбоотой хэд хэдэн асуудал ажлыг уяж удаашруулж байгааг анхаармаар байна гэлээ. Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт бэлэн болоогүй ажлуудыг улсын төсөвт тусгасан, эсвэл батлагдсан өртөг нь ажлын даалгавраас зөрсөн, төсвийн задаргаа олон дахин өөрчлөгдсөн гэх мэт түгээмэл дутагдал их гарч, үүнийг цэгцэлж шийдэхэд багагүй хугацаа алдаж байгаа юм байна.
Монголд анх удаа нэвтрүүлж байгаа шинэ технологи учраас эхний ээлжинд ганц барааны худалдан авалт хийнэ.
Иймд энэ баасан гарагт болох “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар яам, агентлагийн удирдлагуудтай энэ талаар тусгайлан ярилцъя гэж ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг хэллээ. Харин тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тухайд, цаг тулгаж материалаа илгээх, ялангуяа орон нутагт интернэтийн хурдаа тооцоолж үзээгүйгээс тендер хүлээн авах хугацаа хаахаас өмнө материалаа ирүүлж амжихгүй хасагдах тохиолдол гарсаар байгааг анхаарууллаа.
Төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох зорилготой цахим дэлгүүрийг 4 дүгээр сарын 1-нээс ажиллуулна. Техникийн бэлэн байдал хангагдсан, худалдаалах барааны судалгаа хийсэн, 4 дүгээр сарын 1-нд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагийн бичгийн цаасны худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулна. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа шинэ технологи учраас эхний ээлжинд ганц барааны худалдан авалт хийнэ. Зүгшрүүлсний дараа шатахуун, ус, дугтуй, хавтас гэх мэт төрийн байгууллагуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр худалдан авалтыг өргөжүүлнэ гэж ХААГ-аас мэдээллээ.
Төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах, цахим дэлгүүр ажиллуулах, цахим гарын үсэг нэвтрүүлэх, тендерийн урилга, явц, үр дүнгийн мэдээллийг иргэдийн гар утсанд хүргэхгэх мэт олон шинэчлэлийг Худалдан авах ажиллагааны газар шат дараатай хийх юм байна.