Тендерийг ил тод, шилэн болгох асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ
Худалдан авах ажиллагааны газар
2013.12.26

Тендерийг ил тод, шилэн болгох асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Тендерийг шилэн болгоход анхаарах зүйлс, түүний эргэн тойронд яригдаж байгаа асуудлаар Худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Тус хэлэлцүүлэгт хар жагсаалт, цахим дэлгүүр, ерөнхий гэрээ гэж юу болох талаар, тендерийн будлианыг хэрхэн багасгах, төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих зэрэг олон сэдвийн хүрээнд асуулт, хариулт өрнөсөн.

Тендер шалгаруулалтанд оролцохын тулд тендерт оролцогчид материалаа бэлтгэх, бүрдүүлэх явцдаа татвар, шүүх, банк, нийгмийн даатгалын байгууллагуудаас олон тодорхойлолтыг авч, цаг хугацаа алддаг байсан энэ тогтолцоог халах шийдэл нь цахим худалдан авах ажиллагаа буюу шилэн тендер юм.

Шилэн тендер нь олон давуу тал, үр дүнг бий болгож байгаа төдийгүй тендертэй холбоотой бүхий л мэдээллийг цахим системээр бүрэн харах боломжийг төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олгож байгаа юм. Мөн оролцогч байгууллагууд орон зай, цаг хугацааны хамааралгүй тухайн тендерийн материалтай үнэ төлбөргүй танилцаж, тендерт оролцох боломжийг бий болгосон. Тендерийг бүрэн шилэн болгосноор төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ бүрэн солилцож, татаж авах боломжтой болох юм.

Төрийн байгууллагууд бичгийн цаас, принтерийн хор, бензин шатахуун гэх мэт байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг худалдаж авдаг. Эдгээр бага үнэтэй, шууд худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээнүүдийг хэнээс, ямар үнээр худалдаж авдаг нь тодорхойгүй байдаг асуудлыг шийдэх, төрийн урсгал зардлыг хэмнэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ерөнхий гэрээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уламжлалт тендер шалгаруулалтаар нэг л компани шалгардаг байсан бол ерөнхий гэрээн дээр нэг буюу түүнээс дээш хэд хэдэн аж ахуйн нэгж гэрээ байгуулан бараа нийлүүлэх боломжтой.

Ерөнхий гэрээг хэрэгжүүлэхийн өмнө байнгын хэрэглэгддэг бараа, үйлчилгээний жагсаалтыг гаргах, судалгаа хийх шаардлагатай байна. Шаардлагын дагуу мэдээлэл оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийж, тавьсан шаардлагад нийцсэн нэг болон хэд хэдэн компаниудтай 3 хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулж, энэ хугацаанд нийлүүлж буй тухайн бүтээгдэхүүний үнэ, чанар, хүргэлт, үйлчилгээг гэрээний үүргийн дагуу байгаа гүйцэтгэж байгаа эсэхийг хянана.

Хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн компаний гэрээг цуцалж, дараагийн бүртгэлтэй компанийг сонгон оролцуулах журмаар явагдана. Уламжлалт тендер шалгаруулалтаар нэг л компани шалгардаг байсан бол ерөнхий гэрээн дээр нэг буюу түүнээс дээш хэд хэдэн аж ахуйн нэгж гэрээ байгуулан бараа нийлүүлэх боломжтой.

Жишээ нь: төрийн байгууллага сургалт, семинар зохион байгууллахад арга хэмжээнд хэрэглэгдэх нарийн боов, кейкийг жагсаалтанд бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээс авна. Мөн Хараагүйчүүдийн төвийн харах чадваргүй иргэдийн бэлтгэн нийлүүлдэг бор дугтуйг төрийн байгууллагууд авна гэх мэтээр байнга хэрэглэгддэг барааны жагсаалтыг гарган, аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэснээр ерөнхий гэрээ, цахим дэлгүүр хэрэгжинэ.

Ерөнхий гэрээний журам энэ оны 9-р сард Сангийн сайдын тушаалаар батлагдсан ба 2014 оноос ерөнхий гэрээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.