Төсвийн байнгын хороо ажлаа тайлагналаа
УИХ-ын Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр танилцууллаа. Төсвийн байнгын хороо 23 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцсэнээс 24 хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн найман төсөл, хяналт шалгалтын гурван ажлыг тус байнгын хороо хэлэлцүүлжээ.
Нийт 29 санал, дүгнэлт, долоон танилцуулга, 198 саналын томъёолол бэлтгэн чуулганы хуралдаанд танилцуулсан байна. Төсвийн байнгын хорооноос намрын чуулганаар батлуулахаар бэлтгэл ажлыг базаасан том хуулийн төслүүдээс 2014 оны төсөв, түүнийг дагаж мөрдөх хуулийн төслүүд, 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүд юм. 2013 оын Улсын төсөвт тодотгол хийж, төсвийн орлогыг 6,289,1 тэрбум төгрөг, нийт зарлагыг 6,629.8 тэрбум төгрөг болгож бууруулж баталсан байна.
Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Төрийн аиудитын байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр УИХ-ын Төсвийн байнгын хороо баталж байхаар хуульчилсан билээ. Төсвийн байнгын хорооноос 2014 оны төсвийн тухай хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хуулийн хугацаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан. Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн орлого 6,8 их наяд төгрөг, зарлага 7,2 их наяд төгрөгөөр баталсан.
Мөн 2014 оны төсөв анх удаа царцаасан төсвийг баталж, аудитын шалгалт оруулж, 243 төслийг шалгалтын дараагаас санхүүжилтийг хийхээр болсон. Ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хуралдаанаар царцаасан төсвийн төслүүдийг хэлэлцэх буюу 2014 оны төсвийн тодотголыг хийх юм.
Төсвийн байнгын хорооноос Гаалын албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төслүүдийг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталжээ.
Үүнээс гадна 2014 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлж, баталсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулснаар онц суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, тэтгэлэгийг олгох хэмжээ, хугацааг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулсан билээ. Төсвийн байнгын хорооноос Гаалын албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төслүүдийг хэлэлцэн баталсан.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн гэрээ, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн санхүүжилтийн хэлэлцээр, Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн гэрээ зэрэг хэлэлцээрүүдийг зөвшилцөж, шийдвэрлэсэн талаар тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа.
Тус байнгын хороо намрын чуулганы хугцааанд эрхлэх асуудлын хүрээнд гурван хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж, байнгын хорооны зургаан тогтоол батлуулжээ.