Хаврын ээлжит чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол
2014.02.20

Хаврын ээлжит чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол

Хаврын ээлжит чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Улс орны эдийн засгаас шалтгаалан нэгдүгээр улирал дуусаагүй байх үед төсвийн тодотголыг хийх болж байна.

Магадгүй энэ оны дундуур төсвийн хоёрдох тодотголыг хийх асуудал тулгарна гэж зарим эх сурвалжууд хэлж байна. 2014 оны төсөвт маш олон хийсвэр тоо орсон. Тухайлбал 31 сая тонн нүүрс олборлоно, валютын 1384 төгрөгт барина гэх мэт тоо их бий. Гэтэл нэгдүгээр улирал дундаа орж байхад эдийн засгийн идэвхжил бий болсонгүй.

Нүүрсний борлуулалт зэс, алтны үнэ төсөвт тусгагдсанаас доогуур явж байна. Жишээ нь төсвийн нилээдгүй хувийг бүрдүүлэх нүүрсний экспорт тэг зогсолт хийж гаднаас орж ирэх валютын урсгал Үндсэндээ хаагдаад байгаа. Өнөөдөр ам.доллар 1384 төгрөг биш, 1748 төгрөгт хүрээд байна. Үнэхээр монголчуудын хэлдэгээр нохойн ам нийлүүлэх байдлаар төсвийг хугацаанд нь батлахын тулд хүчирчихсэн. Үүнээс болж хаврын чуулганы эхэнд төсвийн тодотгол хийгээд зогсохгүй энэ оны дундуур хоёр дахь тодотголыг ч хийж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Валютын ханшийг тодорхой хэмжээнд барьж чадахгүй байхад жилд нэгээр тогтохгүй төсвийн тодотгол хийх болов уу гэж хувьдаа харж байна. Их хэмжээгээр нүүрсээ экспортлох хэрэгтэй, төмөр замаа тавих хэрэгтэй байна. Энэ бүх зүйлүүдийг өнөөдөр дорвитой хийж чадахгүй байна.

Валютын ханшийг тогтворжуулах барихын тулд гадны хөрөнгө оруулалт, нүүрс болоод бусад баялгийнхаа экспортыг нэмэгдүүлж идэвхижүүлэх шаардлагатай болоод байгаа. Гэтэл нэг зүйлийг бид хатуу ойлгох хэрэгтэй болоод байна. хууль баталсан даруйд хөрөнгө оруулагч орж ирдэггүй. Хөрөнгө оруулагчийг татахын тулд итгэлийг нь олох хичээнгүй уулзалт ярилцлага хийж их хөрөнгө зарцуулахаас аргагүй болоод байгаа.

Харамсалтай нь 2012 онд манай хүрсэн түвшингөөс ухарчихсан, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээнд ухарчихсан. Жишээ татахад нэг жилийн дотор нэг тэрбум доллар гадагшаа гарсан. Нөгөө талаас төсвөө өөр  эх үүсвэрээс бүрдүүлэх гарцыг харах хэрэгтэйг онцлох гишүүн ч байна.